ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурилын үнэ хямдарснаар инфляци цаашлаад зээлийн хүү буурна гэлээ

O.Admin
2024-04-10

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар ярихдаа “Гурилын импорттой холбоотой асуудлаар Засгийн газар тогтоол гаргасан. Гурилын үнэ буурах ёстой гэдэг үүднээс Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлж, импортын татварыг тэглэх агуулга барьсан.

Учир нь Монгол Улсад зах зээлд борлуулагдаж буй гурилын үнэ нь хилийн цаана байгаа гурилын үнээс 3-4 дахин өндөр үнэтэй байгаа юм. Гурилын үнэ илүү давамгайлж, өндөр түвшинд хүрсэн гэж үзсэн. Гурилын үнэ нь инфляцийн 30-40 хувьд нөлөөлж байгаа. Тэгэхээр гурилын үнэ буурснаар инфляци дагаад буурах юм. Одоо долоон хувьтай байгаа инфляци гурилын үнэ буурснаар цаашид ч бууна.

Цаашлаад арилжааны банкны зээлийн хүү ч буурна. Макро, микро түвшиндээ үр өгөөжтэй гэж Засгийн газар үзэж байгаа. Иймд ажлын хэсэг ойрын хугацаанд шийдвэр гаргана гэсэн хүлээлт бий. Үүнтэй холбоотойгоор улаанбуудай тарианчид яах вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Улаанбуудайн салбар эрсдэлд орохгүй байх бодлогыг Засгийн газар барьж байна. Мөн 400-хан мянган тонн улаанбуудай тариалах орон зайд бизнес эрхлэх бодлогоосоо Засгийн газар татгалзсан. Иймд илүү өргөн цар хүрээтэй бизнес эрхлэх боломжийг хангана.

Тариалалтаас илүү гарсан улаанбуудайг экспортлох нөхцөлийг Засгийн газар нээж өгч байна. Тариаланч нар зах зээлд үнэ багатай борлуулдаг учир ашиг орлоготой байдаг. Өрсөлдөөний зах зээлийг нээж, тогтсон биржээр борлуулж байхаар тогтлоо" гэв.