ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чехийн трамвай үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллах чиглэлээр санал солилцжээ

O.Admin
2024-04-12

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын “Инекон” компанийн Захиргааны зөвлөлийн дарга Иосеф Хушек болон Чех Улсын Зүүн Ази дахь Худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар судлахаар тохиролцов.

Бүгд Найрамдах Чехословак Улс нь трамвай үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг байсан бөгөөд 20 мянга гаруй трамвай үйлдвэрлэж, үүнээс 14 мянга орчим нь ОХУ-д одоог хүртэл нийтийн тээвэрт явдаг байна.

Чехословак Улс 1989 онд задарснаар БНЧУ-ын “Инекон” компани байгуулагдаж улмаар 1999 оноос хойш АНУ, БНХАУ зэрэг гадаадын том зах зээлд трамвай нийлүүлэх болсон аж. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр жилдээ 200 хурдан галт тэргийг Чех технологиор үйлдвэрлэх чадамжтай болсон байна.