ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аядуу зөөлнөөр ажиглаад л байгаа шүү, М.Энхболд дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-15

УИХ-ын нэр бүхий гишүүд тун саяхан гишүүдийн ха­риуц­лагын асуудлаар хэ­лэлцүүлэг өрнүүлж билээ. Тэр үед улстөрчид дотроо л өндөр боловсролтой гэгдэх Л.Оюун-Эрдэнэ гишүүн “УИХ-ын гишүүдийн ирцийг ху­рууны хээгээр бүртгэхээс өөр аргагүй. Хариуцлага ярих гэж байгаа бол энэ нь зөв.

Зим­бабве улсын улстөрчид ху­ралдаа ирэхгүй, эхнэр хүүхэд, танил хүмүүсээ явуулж ирцээ бүртгүүлдэг болсон. Аргагүй байдалд орсон тэд хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг бол­сон” хэмээн ярив. Бод доо, Зимбабве улс шүү дээ. Эдийн засаг нь уналтад орсон, буурай орны парламенттай дүйж очих хүртлээ Монгол Улсын хууль тогтоох бай­гуул­лагын нэр хүнд шал дээр уначихсан гэсэн үг.

Манай улсад парламентын ордонд эхнэр хүүхэд нь орж суучихаад кноп дардаггүй ч карт шургуулах, ирцэд бүртгүүлэх нь туслах, зөвлөхүүдийнх үндсэн ажлын нэг болчихсон гэхэд хэтийдэхгүй. Мөн тэд нэг нэгнийхээ өмнөөс карт шургуулж, тэр ч байтугай өмнөөс нь санал өгч хууль баталдаг талаар улиг болтлоо л хэвлэлийн бид бичлээ. Үр дүн харин гараагүй юм.

Аргаа барахдаа хурууны хээгээр ажилдаа ирж очих зохицуулалт хийж, хурлаа тасалсан нэгнээ хөөх талаар яриад сууж байх юм, улстөрчид нь. Ямар хувийн компани биш дээ. Энэ чинь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага биз дээ. Тэгвэл улстөрчдийн хуралдаа ирж очихгүй байх, ирц хүрэхгүй зовох нь юу ч биш байжээ. Төрийн танхимд согтуу морилдог, “төгөлдөр хуур” тоглодог байсан нь наад захын асуудал юмсанж.

МАН засагласан энэ жилүүдэд, М.Энхболд таныг удирдсан дөрвөн удаагийн ээлжит чуулганы хугацаанд монголчууд үзээгүйгээ үзэж, парламент онигоо болж дууслаа. Тун саяхан нэгэн сайтад “Улстөрчид ажилдаа хариуцлагатай хандаж байгаа нь УИХ-ын даргын сайных” гэсэн утгатай нийтлэл гарч билээ. Нүдний булай. Төрийн танхим дотроо казинодсоноо ярьж, хулгайч луйварчнаараа дуудалцаж байгаа нь хариуцлага юм байх.

Тэр ч байтугай түшээд нь нэгнээ шар хадны галзуу, балай зөнөг өвгөн, эрүүгийн элемент, алуурчин, авлигачаар нь дуудаж байгаа нь ажилдаа хариуцлагатай хандаж, танхимын нэр хүнд сэргэж байгаа хэлбэр юм гэнэ. Үүнээс илүү доромжлол байгаа гэж үү. Үүнийгээ улс төр хийж байгаа хэрэг хэмээн ойлгодог болчихлоо. Энэ нь тэгээд М.Энхболд даргын сайных гэвэл түүн шиг онигоо, эмгэнэл байхгүй билээ.

Төрт ёсоо уландаа гишгэсэн улстөрчид нь Төрийн ордонд нударга зөрүүлдэг болов. Энэ л дутаад байж дээ. Төрийн ордноо тэд тулааны дэвжээ болгож хувиргалаа. Эхлээд Ж.Батзандан, Б.Хурц нар нэг улстөрчийн өрөөнд нэгнээ захиалгаар хөнөөлгөх талаар ярьж, барилцаж авсан удаатай.

Төд удалгүй Ж.Мөнхбат гишүүн Ерөнхий сайдтайгаа хулгайч, луйварчнаараа дуудалцан цэц булаалдаж билээ. Ц.Нямдорж, О.Баасанхүү хоёр нэг нэгнээ үгийн муугаар хэлж байсан нь саяхных. Дараа нь С.Эрдэнэтэй мөн л О.Баасанхүү тулж, эрүүгийн элемент, галзуугаараа дуудалцсан.

Хамгийн сүүлд МАН-ын хоёр залуу улстөрч нэгнийхээ хамрыг “чихсэн” гэх асуудал үүслээ. Хэдийгээр хоёулаа үгүйсгэж, улс төрийн явуулга хэмээн гүрийсэн ч ийм зүйл хэзээ ч ор үндэслэлгүй байдаггүйг сэтгүүлзүйн тогоонд чанагдаж явсан “найрагч” гишүүн андахгүй мэдэх биз.

Нэг нь гадаад явж эхнэрээ эмчлүүлсэн хэмээн гүрийгээд өнгөрч болох ч даравч далдайж, булавч бултайдаг нь жам юм. Чуулганы танхимд улстөрч болгонтой үг сөрж, үгийн муухайгаар хэрэлдэж суудаг О.Баасанхүү бас л зодуулсан тухай мэдээлэл цацагдлаа. Салаавч гаргаж танхайрсан хэмээн намынх нь залуу мэдэгдэл хийлээ. Ийм л хүмүүс ард түмний төлөөлөл гэсэн сайхан баг өмсчихөөд сууж байна, энэ төрд.

Хүчин хийсэн, хэрэгт холбогдсон талаар ярих ч юм биш. “Бандааш”-аа тайлахгүй хэмээн гүрийсээр байна, МАНай улстөрчид. Монголын парламент ийм л дүр төрхтэй хоёр оныг улираав. Хариуцлагын тухайд яриад ч нэмэргүй. Нэг улстөрч нь орж ирээд өөр зүйл ярьдаг, нөгөөх нь бүр өөр зүйл ярина.

“Өвөл болохоор хүйтэн болдог” гэх алдарт афоризмыг дахиад хэдэн жил сонсохыг бурхан ч мэдэхгүй биз. Хаврын чуулган нээлтээ хийхэд танхимын индрээс ёс төртэй мэдэгдсэн “хариуцлага, ёсзүйтэй” байдлыг өөрсдөөсөө эхлүүлэхгүй юм уу, М.Энхболд дарга аа. Соошл орчныг шүүрдэж үзэхэд, 2016 оны долдугаар сард чуулган нээсэн өдрөөс л хойш М.Энхболд та хариуцлагын тухай ярьсан байх юм. 2017 оны хаврын чуулганы нээлтэд ярьж л байсан.

Намрын чуулган нээхэд ч ярьсаар л байлаа. 2018 он гараад ч мөн л ярьсаар байна. Худлаа гэвэл сар гаруйн өмнө нээлтээ хийсэн хаврын чуулганы нээлтийн үеэр “Хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан. Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой.

УИХ-ын гишүүний ёс зүй монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая” хэмээн мэдэгдэж байсныг тань эргэн сануулж, энэ дашрамд ажлаа хэзээ эхлэхийг бас асуучихъя. Боксын тулааны дэвжээ, баар, тэр ч байтугай галзуугийн эмнэлэг шиг болтлоо арчаагүйтсэн парламентаа алийн болгон өмөөрч суух билээ, дарга минь. Хариуцлагаа өөрөөсөө эхлүүлэх тэр сайхан цагийн үзнэ хэмээн итгэж, аядуу зөөлнөөр анхааралтай ажигласаар л сууна шүү, сонгогч бид чинь.