ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Өнөр бүл” төвийн захирал Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

O.Admin
2024-04-19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.04.19/ "Өнөр бүл" хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

"Өнөр бүл" хүүхдийн төвийн ахмад багш З.Даниад Монгол Улсын Гавьяат багш цолоор, тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгт Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор тус тус хүртээв. Мөн тус төвийн ахмад ажилтан Д.Минжүүр, Н.Наранцэцэг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Алтангадас одонгоор ахмад ажилтан Г.Дашмаа, Я.Зина, Ц.Сэлэнгэ, Т.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ж.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан нарыг шагнав.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Цагаанжанар, З.Оюунчимэг, О.Мягмарсүрэн нарыг шагнаж, одон медаль гардууллаа.

Анх 1974 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нийлүүлсэн нь “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн суурь болсон түүхтэй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 1,500 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.