ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: 11 байршилд шинээр сургууль барина

O.Admin
2024-05-15

Засгийн газраас гаргасан хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

БШУ-ны сайд  Л.Энх-Амгалан: -Улсын хэмжээнд гурван ээлжийн эрсдэлд орох 47 сургууль бий. Эдгээр сургуулийн асуудлыг 2024 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлж эхэлсэн ч зарим ажил нэлээд удаашралтай байгаа тул нийслэлтэй хамтарч, зарим эрхийг нээж байгаа. 2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 14 сургууль бий. Үүнээс 10 сургуульд онцгой арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд БШУЯ болон Улаанбаатарын хотын захирагч хамтран ажиллах чиглэлийг авсан. Гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ. Энэ онд нийт 40 гаруй мянган  хүүхдийн хүчин чадалтай 86 төслийг дуусгана.Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсдэг шалтгаан нь жил бүр 75-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байхад 30-35 мянган хүүхэд сургуулиа төгсдөг. Жилд 30-40 мянган хүүхдийн шинэ хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Ойрын 5-8 жилд энэ хэрэгцээ байх болно.Иймээс сургуульгүй хороо, хороололд газар чөлөөлөх арга хэмжээг нийслэлтэй хамтарч хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил зургаан сургуульд арга хэмжээг авсан.