Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн талаар Хөдөлмөр Нийгмийн Хамгаалал (ХНХ)-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улс 2016 онд энэ төрлийн хуультай болж, хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа үнэлгээ хийсэн. Ингэхэд хийдэл давхардал, зөрчил нэлээд байна.
Өнгөрсөн онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц 1, 2, 3 дугаар тайлангаа НҮБ-д очиж хамгаалсан. НҮБ-аас өгсөн зөвлөмжид хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нэг сайдынх байх ёсгүй. Салбар бүрийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг оруулах хуулийн зохицуулалтыг хуулийн төсөлд хийж өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагийн даргаар 2017 онд байгуулагдсан цагаас хойш ажилласан М.Маргад-Эрдэнэ гэх залуу томилогдсон. 2023 онд таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээж ашиглалтад оруулсан. Одоо дахин таван төв байгуулагдаж байгаа.
Ирэх зургаадугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долдугаар сард ашиглалтад оруулна. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга орчим иргэн байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэлтэй.
Энэ төвийг төр болон төрийн бус байгууллагын түншлэлээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Жишээлбэл Аж Ахуйн Нэгж (ААН)-үүд жишиг ажлын байрыг тус төв дээр байгуулна. ААН-үүд өөрсдөө ирж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж тохируулгуудыг хэрхэн хийх вэ гэх дадлага туршлагыг аль аль талаасаа авах боломжтой төвийг улсын төсвөөр барьж байгуулсан" хэмээн ярилаа.