ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Болороо: Сайд бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудалд анхаарах чиглэлийг хуулийн төсөлд оруулсан

O.Admin
2024-05-15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцэж, танилцжээ. 

Тус хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зарим онцлог заалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо дараах мэдээллийг хүргэлээ.  Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авлаа. 

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль 12 бүлэг 45 зүйлтэй. Харин тус хуулийн шинэчилсэн найруулга нь 11 бүлэг 44 зүйлтэй байх юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд тусгагдсан хүртээмжтэй холбоотой зохицуулалт тэр чигтээ хасагдаж байгаа. ХНХЯ-наас Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Тиймээс хүртээмжийн асуудлыг энэхүү хуулиар зохицуулна гэж үзэж буй. Энэхүү хуулийн төсөл дараах онцлогтой. Магадгүй манай улсын түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд санхүүгийн зардлын ангилал гаргаж, сайд бүр үүнд анхаарах асуудлыг хуульд оруулсан" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Одоогийн бодит нөхцөл байдалд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн ХНХЯ-ных мэт байдаг. Нөгөө талаар зөвхөн халамж яригддаг юм шиг ойлголттой. Тиймээс дээрх хуулиар Соёлын Яам, Барилга, Хот Байгуулалтын Яам, Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Биеийн Тамир Спортын Хороо зэрэг бүх салбарын сайд нар өөрсдийн багцад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой төсөв тавьдгаа болъё гэдэг томьёоллоор хуулийн төсөл орж ирж байгаа. Хуулийн төсөл дээр шинээр хэд хэдэн зүйл нэмэгдэж байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагууд өөрсдөө үзэл санаагаа илэрхийлж, дуу хоолойгоо оруулж ажилласан" хэмээв. 

Шинээр нэмэгдсэн зүйл, заалт:

  • ХНХ-ын салбарт хомсдолтой байгаа хүний нөөцийн асуудлыг хуульд шинээр зохицуулж оруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг чиглэлийн мэргэжилтнүүд хомс учраас зохицуулсан.
  • УИХ-ын чиг үүргийг шинээр нэмж оруулсан. ХЭҮК-оос гаргадаг тайлан илтгэлийг бид жил болгон хэлэлцэж, тогтоол гарган хэрэгжүүлдэг. Яг үүнтэй адилаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг жил бүр УИХ-аар оруулж, асуудлыг танилцуулдаг тогтолцоогоор явуулъя гэдэг шийдэл нэмэгдэж орсон.
  • Төрийн бус байгууллагад тавих шаардлагыг оруулж өгч байгаа. 2016 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбарын бодлого эрүүл мэндийн загвар дээр тулгуурладаг, эсвэл халамж хүртэгч гэдэг байр суурин дээр явсан. Улмаар 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусгай эрхтэй хүн биш, бусад хүнтэй адилхан эрхтэй хэмээн тусгасан. Тийм учраас бүх салбарт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг ярих ёстой гэж үзсэн.
  • Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлууд эрчимтэй явагдаж байгаа. Гэхдээ гэрээлэн гүйцэтгүүлье гэж ирсэн болгонтой хамтарч ажиллахад хэцүү. Ийм учраас хуулиараа ерөнхий шаардлага тавьж өгье гэдэг зохицуулалт орсон.
  • Мөн нийгмийн баталгааны асуудал шинээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгааг багтаасан гэдгийг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо хэллээ.