ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно

O.Admin
2024-05-20

Улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ өнөөдөр зарлана. МАН-ын бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдах бол бусад намууд мөн хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулах юм.

Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж буйтай холбогдуулан СЕХ-ноос мэдэгдэл гаргаж нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэргээр иргэний сонгогдох эрхийг зөрчихгүй байхыг анхаарууллаа.

Мэдэгдэлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар нам сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг тус тус хориглосон болно.

Үндсэн хуульт ардчиллын баталгаа болсон чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дээр дурдсан хууль бус үйлдэл гаргах, гаргахыг завдах  нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулах шаардлагатай болохыг мэдэгдье.

Иргэний сонгох, сонгогдох эрхийг илтэд зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэхийг иргэд, сонгогчдод уриалж байна” гэсэн байв.