ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ынхан нүүртэй, МАН-ынхан нүүргүй болжээ

O.Admin
2024-05-25

АН-ын нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй тоон мэдээлэл гарсан байна. Тэндээс харвал тус намын 126 нэр дэвшигчийн 28 нь гадаадад, 98 нь дотоодод боловсрол эзэмшсэн бөгөөд тэдний 70 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой аж. Нэр дэвшигчдийг мэргэжлээр нь багцалбал, эдийн засагч 27, эрх зүйч 21, багш 10, хуульч 10, инженер 8, үлдсэн нь бусад мэргэжлийнх байна.

Түүнчлэн АН-ын нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, бусад үзүүлэлтийг харвал харьцангуй жендэрийн мэдрэмжтэй нэр дэвшүүлэлт хийжээ гэж дүгнэж болох нь. Тодруулбал, 37 эмэгтэй, 89 эрэгтэй нэр дэвшигч байгаагийн дотор тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 2 хүн багтсан. Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэнэ, хүргэхгүй гэж эрчүүд нь хүчээ үздэг өнөөгийн Монголд энэ нь чамлахааргүй өндөр үзүүлэлт юм.

Нэр дэвшигчдийн насны тухайд тойрогт өрсөлдөгчдийн хамгийн залуу нь 33 настай Н.Амаржин, ахмад нь 66-тай Н.Алтанхуяг, жагсаалтад бичигдсэн хүмүүсийн хамгийн залуу нь 27-той С.Цэнгүүн, ахмад нь 63 настай Р.Амаржаргал бөгөөд нэр дэвшигчдийн дундаж нас тойрогт 45, жагсаалтад 40 байгаа аж.

Дээрх тоон мэдээллээс харахад АН-ын нэр дэвшүүлэлтэд эдийн засагч, хуульч, багш, инженерүүд жин дарж, эмэгтэйчүүд болон тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо нэмэгдсэн байна. Ахмад, дунд, залуу үедээ тэгш боломж олгож, нийгмийн бүх давхаргын төлөөлөлд үүдээ нээсэн АН-ын нэр дэвшүүлэлт өрсөлдөгч намын харлуулж байгаа шиг муу нэр дэвшүүлэлт биш, жинхэнэ Ардчилсан намын, харин ч сайн нэр дэвшүүлэлт болжээ.

Харин эсрэгээрээ эрх баригч хүчний нэр дэвшүүлэлтээс хуучин хүмүүс нь сонгогчдод очих нүүргүй гэдгийг мэдэрсэн, найман жил үнэмлэхүй олонхоор засаглаж дангаар төр барихдаа үнэхээр хаазгүй МАН гэдгээ баталж, хөгжлийг таг гацаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байгаа юм. Өөгүй сайхан танилцуулгатай залуусаар бамбай хийхээс өөр сонголт тэдэнд үлдээгүйг жагсаалтаас нь харж болно. Төрийн, улс төрийн ажлын туршлагагүй “цэв цэвэрхэн” залуусын ард харин МАН-ын ах нар нь сууж байгааг мартаж болохгүй.