“Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүүгээ өргөж, дөрвөн жилд ганцхан тохиох төрийн эрх барих өдрөө хүндэтгэл дүүрэн дээл хувцсаа өмсөж, зорин ирдэг монгол түмэн өчигдөр Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгаагаа ёслол дүүрэн эхлүүлэв. Тус бүрнээ баяр ёслолын байдалтай бэлтгэлээ базааж, Монгол Улсаа нар зөв тойрон явж буй нэр дэвшигчидтэйгээ хамт нээлтээ хийж, дэмжигчдийнхээ аяны дөрөөнд монгол ёсоор сүү өргөж өгөөд мордууллаа, тэд.
Монгол Улс өнгөрсөн 30 жил явж ирсэн зарчмаа, сонгуулийн системээ шинэ Үндсэн хуулиараа өөрчилж, холимог тогтолцоогоор 126 гишүүн “өлгийдөн” авах гэж буй энэ өдрүүдэд улс төрийн 21 нам, бие даагчдын төлөөллөөс бүрдсэн 1336 горилогч зүг бүрт тархан сурталчилгаагаа эхлүүлж байна. Тэд бүгд улс орныхоо шинэчлэл өөрчлөлтөд гар бие оролцохыг зориглож яваа хүмүүс. Энэ улсад миний оруулах хувь нэмэр юу байх вэ гэдгээ тунгаан бодсоны эцэст ийм шийдвэр гаргаад явж буй учраас сурталчилгааны 18 хоногт та бид бүгдээр хүн нэг бүрийн мөрийн хөтөлбөрийг үзэж, хэн нь хэн бэ гэдэгтэй танилцаж, цаашлаад хүнийг нь харж, улс төрийн намын чиг шугамыг нь үзэж танилцан саналаа өгөх учиртай билээ.
Ингэж байж л дөрвөн жилд ганц тохиох төрийн эрх барих эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэх учиртай. Сонголтгүй сонгууль гэж байдаггүй. Гагцхүү хэнийг олж сонгох вэ, хэн биднийг төлөөлж чадах вэ гэдэг нь таны хэр их улс төрийн идэвхтэй, уншиж судалсан бэ гэдгээс шууд шалтгаална.
Энэ удаагийн сонгуулийн нээлтээр МАН-ынхан Ерөнхий сайдынхаа хийгээгүйг хийлгэж, дуусгаж амжаагүй ажлыг дуусгахын тулд багаар нь сонгох, мөн хариуцлагын тогтолцоог цаашдаа ч үргэлжлүүлэх сонголт хийхийг уриалсан бол Ардчилсан намынхан технологийн дэвшил, залуу нэр дэвшигчид хийгээд, Ардчилсан нам эрх барьсан үедээ ямар ажлууд хийдэг талаарх танилцуулгаар эхлүүлж, бид энэ ажлаа хийе хэмээлээ. Тэгвэл энэ удаагийн “Сонгогчдын боловсрол”-д булангаараа бид нийслэлийн есөн дүүргийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт эрх баригч намаас нэр дэвшиж буй таван улстөрчийг танилцуулахаар бэлтгэлээ.
МАН энэ тойрогт тун өнгөлөг, өөдрөг тэр хэрээр бүтээлч нэр дэвшигчдийг илгээгээд буй. Товчхондоо салбар, салбарын шилдэгүүд гэж хэлж болох учраас нийслэлд нэр дэвшиж буй МАН-ын нэр дэвшигчдээ ч өнгөлж буй харагдана. УИХ-ын гурван гишүүнээс хоёр нь сайд хийж, нөгөөх нь эрүүл мэндийн салбартаа одоо ч ажилласаар буй мэргэжлийн эмч хүн. Мөн дүүргийнхээ жаргал зовлонг сайн мэдэх, гал тогоогоо дөрвөн жил удирдчихсан Засаг даргаа эрх баригч нам баг болгон тойрогт илгээжээ.
Тэр ч утгаараа сунгаа эхлээгүй, дөнгөж нэр дэвшигчид тодорч байх цагт өрсөлдөгч нь нэрээ татаж байсныг харвал тэд тунчиг “чичрүүлж” буй бололтой шүү. МАН-аас мандатаа авсан таван нэр дэвшигчийн хоёр нь дүүргийн анхан шатнаас буюу улс төрийн намдаа мерит зарчмаар өгсөж гарч ирсэн.
Тодруулбал, Э.Бат-Амгалан болон өнөөгийн Засаг дарга Н.Баярмөнх нарыг баянзүрхчүүд андахгүй. Тэр тусмаа алслагдсан хороодын тулгамдсан асуудлыг хамгийн сайн шийдэж өгдөг, асуудлаа мэддэг гэдгээрээ Э.Бат-Амгалан "үнэнч" фэн олонтай аж. Зам тавьсан, дэд бүтцийн асуудал шийдсэн, амлалтаа бүрэн биелүүлдэг, аж амьдрал хамгийн сайн мэддэг гэх мэтээр баянзүрхчүүд түүнд хир халдаахгүй өмгөөлдөг, тэр хэрээрээ ч рейтинг өндөртэй өнгөлж харагдана.
Тэрбээр, 2020 оны сонгуулиар 30 мянган иргэний санал авч ялалт байгуулж байлаа. Өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ анхан шатны нэгжээс эхлээд ахисан шат хүртэл эргэх холбоотой ажиллаж, амлаад явсан ажлаа, сонгож явуулсан иргэдийн итгэлийг бүрэн дүүрэн биелүүлж, хариулж чадсан учраас эргэж ирэхдээ нүүр бардам ирэв бололтой. Гэтэл тойргоос сонгогдсон ч тодорч харагдах байтугай нүдэнд баригдах ажил юу ч хийдэггүй хэсэг бүлэг нь энэ сонгуулиар тойргоо сольчихоод давхиж яваа нь худлаа биш.
Баянзүрх дүүргийн итгэлийг хүлээж сонгогдсон нэг эмэгтэй улстөрч нь бүр аймаг дамжаад алга болсон. Харин тэд зугтсангүй. Эргээд бид ийм ажил хийлээ, бидний мөрийн хөтөлбөр, амлалтад одоо та бүхэн дүн тавиад өг хэмээгээд ирж буй нь чухал юм. Намын дарга энэ удаа мэдлэгтэй, мэргэжлийн атлаа олонд танигдаагүй хэсгийг намын жагсаалт руу татаж, эсрэгээрээ нийт нийгэмд танигдсан, салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн хэсгийг нь тойрог руу илгээсэн.
Тэр утгаараа Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй ганц эмэгтэй нэр дэвшигч болох Х.Булгантуяагийн тухайд энэ удаа жагсаалт руу явсангүй. СоДМЭХ-г удирдаж буй гэдэг утгаараа жагсаалтын урдуур өнгөлөх боломж байсан ч нарийн бичгийн даргадаа боломж олгоод өөрөө тойрогтоо ирсэн нь хийх ажилтай явсан, хэлэх үгтэй ирсэн гэдгээ нотлож буй юм. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, дүүргийн эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүдийн бизнес эрхлэлтийн асуудалд хамгийн их анхаарсан.
Харин нэр дэвшигч Б.Энхбаярын тухайд дүүргийн гэхээс илүүтэй улс орны өмнө тулгамдсан томхон хуулийн төслүүдийн автор болж, том бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн харин дүүргийн иргэдийн эрүүл мэндэд анхаарч, эмнэлгүүдийн бие даасан байдал, тэнд ажиллаж буй ажилчдын нийгмийн баталгааг хангах, эмийн мафийг задлах, эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх зэргээр тус бүртээ тэд үүргээ тултал биелүүлж чадсаныг энд онцлох нь зүйн хэрэг билээ.
Харин тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ хамгийн сайн эргэх холбоотой ажиллаж, дүүргийн шуудай хогноос эхлээд архины хамааралтай иргэн нэг бүртэй тулж ажилласан хүн бол Н.Баярмөнх. Тиймдээ ч нам нь түүнийг дүүргийн иргэдээ төлөөлж тойрогт өрсөлдөх хүн мөн хэмээн итгэл хүлээлгэв. Одоо тэд ажиллаж үзүүлэх, илүү их өөрчлөлт шинэчлэлийг энэ дүүрэгт хийж харуулах учиртай билээ. Тэгвэл хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэгт өрсөлдөгч намуудаас илгээсэн бусад нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг бид дараагийн дугаарт бэлтгэн хүргэх болно.