ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Лхагвадорж: Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн саналыг авахаар мөнгө шилжүүлсэн зөрчил гарлаа

O.Admin
2024-06-27

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас сонгуулийн үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл дөнгөж сая мэдээлэл хийлээ.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж энэ үеэр  “Сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг нь нэг талаар иргэн бүрийн үүрэг. Цаашид таны ирээдүйтэй холбоотой учир 18-аас дээш насны залуус идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд болж буй улс төрийн намууд, ухуулагч нарын хооронд хууль зөрчсөн хэд хэдэн асуудал гарсан” гэдгийг онцолж, дараах хэд хэдэн зүйлийг онцгойлон анхаарууллаа.

  1. Хууль зөрчсөн үйлдэл буюу өнгөрсөн жилүүдэд Монгол төр авлигад идэгдэж хулгайн асуудал хэд хэдэн удаа гарсан. Энэ удаагийн сонгуульд ч иргэдийн саналыг худалдан авах зөрчил гарлаа. СХД-т яг одоо иргэдийн саналыг худалдан авах зорилгоор данс руу нь мөнгө шилжүүлж, мөнгө өгч байгаа процесс явагдаж байна. АН-ын хуулийн албаныхан энэ үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоохоор ажиллаж байна.
  2. Зарим нам эвсэл зөвхөн өөрийн нам эвслийн гишүүдийг сонгосон тохиолдолд саналын хуудас хүчинтэй гэх ухуулга хийсэн байна. Иргэн та маргааш санал өгөхдөө тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү тооны санал өгөх ёстой. Та үндсэндээ хоёр хуудас дээр саналаа дугуйлна гэсэн үг. Эхний хуудас нь та жагсаалтын 48хүмүүсийг дэмжих зорилгоор улс төрийн сонгуульд оролцож байгаа нам, эвслээс нэгийг нь сонгоно. Хоёр дахь нь танай тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү хэмжээний хүнийг сонгох ёстой. Зөвхөн нэг намын нэр дэвшигчдийг бүгдийг нь сонгосноор санал хүчин төгөлдөр гэдэг ойлголт буруу шүү. Таны хувийн орон зай, хэнийг сонгох эрх эрх чөлөө хадгалагдаж байгаа. Нэг намын бүх гишүүдийг сонгоно гэсэн үг биш. Мандатын тоонд тааруулж дэмжихийг хүссэн хүмүүсээ  сонгох боломжтой.
  3. Та саналаа өгөөд, өөрийнхөө саналыг хэнийг будсанаа зургийг нь авч, зургийг нь үзүүлэн мөнгөө аваарай гэх ухуулга иргэдэд нам эвслээс очсон байна. Ажиглагч нар, сонгуулийн байгууллагууд та бүхэн санал өгөх байранд иргэд очих үед сонгогч нарыг утасгүйгээр нэвтрүүлэх, мөн маш хянамгай хуулийн дагуу хяналт тавьж ажиллахыг хүсэж байна.
  4. Эрх баригч намын зүгээс сонгогчдыг эртнээс зөөх, өрсөлдөгч намын машинуудын дугуйг хагалах, хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар башир арга, хууль зөрчсөн үйлдүүлийг хийхээр завдаж байгаа мэдээлэл ирсэн. АН энэ удаагийн ээлжит сонгуульд иргэдээ сонгуулийн үеэр талцуулахгүй байх  үүднээс  хэн нэгэн нам, нэр дэвшигчийг харлуулахгүйгээр энэ удаагийн сонгууль шударга болоосой гэсэн зарчмыг барьж орсон байгаа. Тиймээс хэн хэндээ хүндэтгэлтэй байж хуулийн дагуу сонгуулиа явуулахыг уриалж байна гэв.

Маргааш сонгуульд саналаа өгсөн бүх хүмүүс долоовор хуруун дээрээ тэмдэглэгээ хийлгэх юм. Уг тэмдэглээг хийлгэсэн эсэхэд анхаарч өгөхийг мөн тэрбээр анхаарууллаа.

Харин Ардчилсан нам сонгуулийн сурталчилгаагаа хуулийн дагуу хүний эрхийн мэдрэмжтэй зохион байгуулсан гэдгийг  хуульч өмгөөлөгч Р.Булгамаа онцолж, санал авах байрнаас сонгогч та саналын хуудсаа авч гарсан, саналын хуудасныхаа зургийг дарсан, бичлэг хийсэн зэрэг тохиолдолд 10 сая хүртэлх төгрөгөөр торгуулах заалттай гэдгийг сануулав.