ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЕХ: Санал тоолох 154 төхөөрөмжийг нөөцөлснөөс долоог нь ашигласан

O.Admin
2024-06-28

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үйл явц, нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээлэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ:

- Нийслэл болон аймаг, сумдын хэсгийн хороодод СЕХ-ны шуурхай удирдлагын багууд ажиллаж байна. Аймгуудад 7-8 нөөц санал тоолох төхөөрөмжийг хуваарилсан. Улсын хэмжээнд нийтдээ долоон санал тоолох төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольсон тохиолдол гарсан байна. Төхөөрөмж бохирдсоноос болж цаасны бөөгнөрөл үүсэж, цаасыг буцааж гаргасан зэрэг долоон тохиолдол гарч, төхөөрөмжүүдийг сольсон. Нийтдээ 2789 санал тоолох төхөөрөмжийг үндсэн санал тоолох төхөөрөмжөөр, 154-ийг нөөцөөр хуваарилсан. Үндсэндээ энэ нөөцөөс долоог л ашиглаад байна гэсэн үг. СЕХ-нд гомдол мэдээлэл ирж байгаа. Гэмт хэрэг болон зөрчлийн мэдээлэл цагдаагийн байгууллага руу шилжиж байгаа. Зохион байгуулалттай холбоотой зарим мэдээллийг өгье.

Тухайлбал, тавдугаар сургуульд санал тоолох төхөөрөмжийг задлаад тавьсан байна гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Энэ мэдээллийг шалгахад СЕХ болон шуурхай удирдлагын багуудад ямар нэг дуудлага ирээгүй байсан. Тухайн хэсгийн хороотой нь холбогдон тодруулахад "тийм тохиолдол гараагүй" гэх хариу өгсөн. Ингээд эргээд мэдээллийг ирүүсэн хүмүүстэй холбогдоход "буруу мэдээлэл өгч, түгээсэн байна" гэх тайлбар хийж байна. Тиймээс олон нийтэд ийм мэдээллийг тарааж түгээхдээ эх сурвалжийг шалгаж түгээхийг анхааруулж хэлмээр байна.

Саналын хуудасныхаа зургийг авах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараах нь хууль зөрчсөн үйлдэл учраас аль болох зургийг нь дарж нийтлэхгүй байхыг уриалж байна. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.