Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, намын Хуулийн хэлтсийн дарга Д.Батхуяг, хуульч Р.Булгамаа нар төрийн албан хаагч нар сонгуулийн хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргаж байгаа талаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:
- Монголын төрийн эрхийг хууль бусаар авахаар эрх баригч МАН төрийн албан хаагч, эмнэлгийн байгууллага, хууль сахиулах байгууллагынхныг ашиглан улайрч байна.
Тухайлбал, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186, 110 ангийн цэргүүдийг хүчээр МАН-ын найман нэр дэвшигчийн нэрийг бичиж халаасанд хийж явуулсан. Тухайн цэргүүд саналаа өгөхдөө тухайн нэрийг харж бөглөсөн зөрчлийг манай ажиглагчид илрүүлсэн. Ганц Орхон гэхгүйгээр Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр ангиас цэргүүдэд МАН-д санал өг гэх команд өгч, бөөн бөөнөөр нь ачиж авч очсон мэдээлэл байна. Үүнийг тун удахгүй баримтжуулж та бүхэнд мэдээлнэ. УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт төрийн байгууллагыг ашигласан буюу УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Б.Баярсайхан, З.Мэндсайхан, Э.Болормаа нарын хүмүүсийг очих үед түргэний машинаар зар түгээж явсан тухай албан ёсны мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Баримттай үйлдлийн талаар та бүхэнд бид мэдээлж байгаа.
Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж иргэдэд тараасан байх магадлалтай үйлдэл гарлаа. Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэдэг газарт их хэмжээний монгол мөнгөн дэвсгэртүүдийг хэвлэж тэр нь салхин хийсэж байгаа дүр зураг гарсан. Тэр хэвлэсэн 10, 20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгтийг баримт болгож авсан. Харахад яг л монгол мөнгөн тэмдэгт. Гараар имэрч үзэхэд хуурамч нь илэрхий байна. Энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага үзлэг хийж байна.
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл гэх хүн машиндаа иргэд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан байна. Тэд аргаа барсандаа хийж болох бүх зүйлийг хууль бус байсан ч хамаагүй хийж эхэллээ.
Баянзүрх дүүргийн 8-р хэсгийн хороонд сонгогчдын саналаа уншуулж байгаа машины дээр камер байршуулж, хянаж байна. Энэ бол Сонгуулийн хууль зөрчиж байгаа үйлдэл. Дөнгөж сая Завхан аймагт Б.Чойжилсүрэнгийн баг мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан байна. Монгол төрийн эрхийг авахаар эрх баригч нам, хууль хүч, эмнэлэг, төрийн албан хаагчид байж болох бүх хүнийг ашиглан санаархаж байна. Хийж байгаа хууль буй үйлдэл бүрд АН сөрөг хүчин, харьцангуй шударгаар өрсөлдөж байгаа ч гэсэн бид хяналтаа улам чангаруулах болно. Бидэнтэй хамтдаа байгаа гишүүд, эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн та бүхнийг хууль бус бүхний эсрэг зогсохыг уриалж байна.