ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын гэхээс илүүтэй ард түмний ялалт байлаа

O.Admin
2024-06-29

УИХ-ын ээлжит сонгуулийн санал тооллого дуусах шатандаа орж, үр дүн нь нэгэнт тодорхой болоод байна.

Урьдчилсан дүнгээр эрх баригч МАН ялах нь тодорхой болсны дараа намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын гишүүдийн хамт хэвлэлийн бага хурал зарлаж, ялалтаа зарлалаа.

Тэрбээр “Өнөөдөр бид анх удаа 126 гишүүн бүхий салбар салбарын төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна. 76 дарга төвтэй байсан тогтолцоог халж, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөллийн зарчим бий болж байна.

Сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаагаа урьдчилсан дүн мэдээгээр парламент 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ бол ардчиллын мэтгэлцээнд шинэ хуудас нээж байгаа хэрэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд оролцсон энэ удаагийн парламентын бүх гишүүдэд талархал илэрхийлэх нь зүйтэй.

Мөн Ардчилсан нам бол ХҮН-ын удирдлагуудад энэ том реформыг хийж чадсанд талархал илэрхийлье. МАН урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болох урьдчилсан тооцоолол гарч, энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж байна. Гэхдээ энэ бол МАН-ын ялалт гэхээс илүү Ард түмний ялалт, ард түмний дуу хоолой парламентад орж байгаа тогтолцооны реформ, цоо шинэ 30 жилийн эхлэл, үзэл санааны том реформ болж байгаагаараа Монгол Улсын парламентын түүхэнд чухал хуудас болж үлдэнэ” хэмээлээ.