УИХ-ын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч, сүүлийн 34 жилийн түүхэнд анх удаагаа олон намын төлөөлөлтэй парламент бүрдэж байна. Үүний нэг нь ИЗНН юм.
ИЗНН-д 71600 хүн санал өгсөн бөгөөд УИХ-д гурван суудал авах нь тодорхой болсон. Ингэснээр ИЗНН-ын дэд дарга, дуучин М.Нарантуяа гишүүн болж байгаа юм. Тэрбээр өөрийн сэтгэгдлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, намыг нь дэмжсэн хүмүүст талархал илэрхийллээ.
М.Нарантуяа “Маш их баяртай байна. ИЗНН-д саналаа өгсөн бүх хүмүүстээ талархал илэрхийлье. УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа оролцож, энэ удаа ИЗНН-д итгэл үнэмшил, зүрх сэтгэлээрээ нэгдэн орж ялалт авч чадлаа. Маш их баяртай байна. ИЗНН одоогийн байдлаар гурван суудалтай болж байх шиг байна. Нара нь жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байсан. Тиймээс гишүүн болж чадлаа. Энэ бол маш том хариуцлага.
Энэ бол зүгээр нэг баяр биш. Маш олон хүний итгэл найдварыг тээж гарлаа. Яг одоо бид 71600 санал авсан байна. Үүний дийлэнх хувь нь миний фэйсбүүк найзууд, цаг ямагт намайг дэмжиж ирсэн хүмүүсийн санал гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хэлж ярих, хийж бүтээх маш олон ажил байна. Найман жил тууштай байсны эцэст өөрийгөө тодорхой хэмжээнд харуулж чадсан байх. Энэ хугацаанд унасан ч, боссон ч бүх цаг үед хамт байсанд маш их баярлалаа. Ээж, аав, гэр бүлдээ баярлалаа. Ар тал болж хамтдаа явж байсан Билгүүндээ баярлалаа.” Гэлээ.