ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЕХ: Гар тооллого системээр дамжуулсан дүнгээс зөрөөгүй

O.Admin
2024-06-29

Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийж, сонгуулийн санал хураалт 69.4 хувийн ирцтэйгээр амжилттай явагдаж өндөрлөснийг баталгаажууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнараны мэдээлснээр өнөөдөр үүрээр 04.50 цагт бүх хэсгийн хороодын дүнг автомат систем уншиж эцэслэжээ. Мөн гадаадад амьдарч буй монголчуудын саналыг тоолж системийн дүнд нэгтгэсэн байна.

Эцсийн дүнгээр 1450.000 сонгогч саналаа өгсөнөөр өмнөх сонгуулиас ирц 10 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өмнө нь 18-20 нас, 50-аас дээш насныхны ирц сайн байдаг байсан бол энэ удаа 24-50 насныхан өндөр ирцтэй оролцсон байна.  

Улс төрийн намын хуулиар нийт сонгогчийн 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болно. Тэгвэл энэ сонгуульд парламентын босго давсан таван намаас гадна  ШИНЭ эвсэл, Үнэн ба зөв нам, Иргэний хөдөлгөөний нам, БНН тус тус 1-ээс дээш хувийн дэмжлэг авч нийтдээ 9 нам санхүүжилт авах боломжтой боллоо. 

Одоогоор хяналтын гар тооллого 100 хувь дуусаагүй, 6-7 хэсгийн хороонд гар тооллого үргэлжилж байгаа аж. Харин тооллого дууссан хэсгийн хороодын дүн автомат системийн дүнгээс зөрөөгүй гэдгийг СЕХ-ноос онцлон мэдээллээ. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд төрийн албан хаагч, СЕХ-ны баг, цагдаа, тагнуулын байгууллага, онцгой байдлын алба хаагчид, хил хамгаалах албаныхан зэрэг 40 гаруй мянган төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн, Гар тооллого бүрэн дууссаны дараа Сонгуулийн Ерөнхий хороо маргааш хуралдаж, сонгуульд өндөр санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргаж, гишүүний үнэмлэх гардуулах аж. Үүний дараа шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барьснаар, анхдугаар чуулган хуралдахад бэлэн болох юм.