ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Г.Тэмүүлэн даргална

O.Admin
2024-07-10

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 06:28 цагт гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн нь 2003 онд АНУ-ын Американ их сургуулийг олон улсын харилцааны бакалавраар төгсөж, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2015 оноос Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Төсвийн байнгын хорооны дарга, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс асуулт асуух, түүнд хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжих томьёоллыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив.