ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянзүрх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ уулзалт зохион байгуулав

O.Admin
2024-08-31

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа. Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад иргэдэд судлагдах шатанд болон шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тогтмол зохион байгуулагддаг иргэдийн уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Тамгын газрын дарга И.Баттөгс, менежер Б.Бат-Эрдэнэ, газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны болон дүүргийн харьяа хэлтсийн дарга нар оролцсон.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Л.Эрдэнэцог энэ хавар 5000 мод тарьжээ.

Олон хүний дэмжлэгтэйгээр цаашид ч хавар, намартаа 5000 мод тарих зорилготой байгаа. Тиймээс Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах саналтай байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэдээ дэмжих үүднээс 30 га талбайд мод үржүүлгийн газрыг дүүрэг орон нутгаас байгуулсан гэдгийг засаг дарга хэлж хамтран ажиллах боломжтойг гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Баасансүрэн Баянхүрээ хотхоны 9 дүгээр байранд тоглоомын талбай байгуулах, 7 дугаар хорооны иргэн Э.Энхтайван тус хорооны 23А байрны гадна талбайн тохижилт, замын асуудлаар санал хүсэлтээ өгсөн. Тухайн байршилд газар дээр нь очиж ажиллаж, иргэдээс өгч буй асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Засаг дарга хэлсэн юм. Мөн газартай холбоотой асуудлаар олон иргэд хандсан бөгөөд зарим газар дээр нь шийдвэрлэж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.