Ардчилсан нам, ШИНЭ намтай хамтран орон нутгийн сонгуульд оролцох санамж бичгийг байгууллаа. Талууд хамтран сонгуульд оролцох санамж бичиг байгуулах энэхүү үйл ажиллагаанд Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, НАН-ын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга нар бусад төлөөллүүдийн хамт оролцлоо.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал: “Шинэ намын үзэл баримтлал, манай намын үнэт зүйлтэй нийцдэг учир бид хамтарч байна. Ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувьд АН-ын мөрийн хөтөлбөр суусан тул бүх шатанд сонгогчдын итгэлийг бодит ажил болгох орон нутгийн хөтөлбөрийг бид хийж байна” гэв.
Харин НАН-ын дарга Т.Батцогт: “Би УИХ-ын сонгуульд оролцож ялагдал хүлээсэн ч энэ нь нийслэлд ялагдана гэсэн үг огт биш. Эсрэгээрээ нийслэлд ялалт байгуулах гэж багаа удирдаж сонгуульд оролцож байна” гэлээ. Тэрбээр мөн одоогийн хотын удирдлагыг олонд таалагдах гэсэн дүр эсгэж байна. Ажил хийх биш шоу үзүүлсээр байгаад хотын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг улам уруудуулсаар байгааг хэлэв.
Шинэ намын тухайд нийслэл, орон нутагт сонгогчдын итгэлийг шинэ түвшинд хүргэж чадаж байгаагаараа улс төрд өөрийн байр суурийг бататгасаар байгаа юм. Тус намын дарга Ц.Гантулга хэлэхдээ: Бид энэ удаад Ардчилсан намын тугийн дор гишүүнээр элсэн, нэгдэж сонгуульд оролцоно гэсэн юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгч сонгох сонгууль 10-р сарын 11-ний өдөр болох юм. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ны өдөр эхэлнэ.