ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Банкны салбар иргэд, бизнес эрхлэгчдэд ээлтэй ажиллах ёстой

O.Admin
2024-09-06

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байна. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төв банкны бодлого, зорилт, валютын нөөц, эдийн засгийн өсөлттэй холбогдох тоон мэдээллийг танилцуулж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулж байгаа гэдгээ дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстойг тодотголоо. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь  иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна гэв. Тэрбээр үргэлжлүүлэн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг санууллаа. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно хэмээв.

Монголбанк 2024 онд инфляцыг зургаан хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд өнгөрсөн долдугаар сарын байдлаар инфляц 5.5 хувьтай байгаа аж. Харин эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 7.9 хувь байсан бол зудын дараах хаваржилтын хүндрэл хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд 5.6 хувь болж буурчээ.

Эдийн засгийн өсөлтийг бүтцээр нь авч үзвэл уул уурхайн бүтээгдэхүүн, түүнийг дагасан тээвэр ложистикийн үйл ажиллагаа жигдэрсэн нь зонхилох хувийг эзэлж байгаа ч барилга, худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн өсөлт ч нэмэгдсэн гэдгийг хэллээ. Уулзалт яг одоо Улсын Их Хурлын гишүүд асуултаар үргэлжилж байна.