ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  Монгол, Казахстаны худалдааны эргэлт 77 орчим сая ам.доллар байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын худалдааны нийт эргэлт 76,7 сая ам.доллар. Манай улс 2014 онд 4,8 сая ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, хивс, хивсэнцэр экспортолж байсан бол 2023 оны байдлаар энэ тоо 22 сая ам.долларт хүрсэн байна.  Харин Казахстанаас 2014 онд 29,4 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авч байсан бол 2023 оны байдлаар 57 орчим сая ам.долларын гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, янжуур зэргийг импортолжээ.  

Казахстан Улс 2002 оноос хойш манайд улаан буудай, гурил, элит үр, цагаан будаа зэргийг тусламжаар нийлүүлж, баруун аймгууд, түүний дотор Баян-Өлгий аймагт 2016, 2018 онд болсон хоёр ч удаагийн үерт нэрвэгсдэд 200-500 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлж байсан. Манай улс мөн энэ онд Казахстанд болсон шар усны үертэй холбогдуулан 100 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.