ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Уул уурхайн баялгаа зүй зохистой ашиглах гэхээр улстөржүүлж буй нь буруу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-11-12

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ховд аймгийн нутагт байрлах “Халзан бүрэгтэй” төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Уул усаа ухуулахгүй гэсэн нутгийн иргэд өнгөрсөн хугацаанд тэмцэл өрнүүлж, нутгийн иргэд болон уурхайн ажилтан, алба хаагчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.

Ц.Туваан сайд хэлэхдээ “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаа болон ажилтнуудад халдсан үйлдэл гарсан. Үүнд яамны зүгээс маш их харамсаж байгаа. Тухайн компани өргөдөл гаргаад хууль хяналтын байгууллагад хандах байх аа. Газрын ховор элементийн асуудлаар нэлээд ахиц дэвшил гаргасан байгаа төслийн нэг бол “Халзан бүрэгтэй” төсөл юм.

Дэлхий дахин газрын ховор элементийн эрэл хайгуулын төлөө явж байхад улсдаа байгаа ганц төслөө буруушааж, үгүйсгэж байгаа нь утгагүй юм. Байгалийн баялгийг ашиглахдаа Ашигт малтмалын лицензийн тухай хуулиа баримталж олгож байгаа.

Хуулиа дагаж мөрдөөд, хэрэгжүүлээд явдаг. Компани дээр хууль зөрчсөн асуудал байхгүй. Зарим салбарт орлого хүрэлцэхгүй, иргэдийн амьдрал муу байна гэх атлаа нөгөө гараараа уул уурхайн баялгийг хуулийн дагуу ашиглаад, баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх гэхэд сөргөөр хандаж буй нь зөв зүйл биш. Манайд энэ шинэ ойлголт хэдий ч энэ салбартаа зоригтой өөрчлөлт хийхгүй бол дэлхийгээс хол үлдэх нь ээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.