ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Есөн ТӨК-ийн захирлууд 970 саяын урамшуулал өөрсдөдөө авчээ

O.Admin
2024-11-14

Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.

Н.Учрал сайд хэлэхдээ "Өнөөдөр Монгол Улсад нийт 99 төрийн өмчийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ердөө таван компани 4.75 их наядын ашигтай ажиллаж байна. Үлдсэн нь алдагдалтай ажиллахаас эхлээд улс төрийн нөлөө, хамаарал дор дарга дагаж мест горилогчдоор дүүрэн. Ганц жишээ дурдахад алдагдалтай ажиллаж буй есөн ТӨК-ийн захирлууд 970 саяын урамшуулал авсан нь яагаад реформ хийх ёстойг илтгэнэ. Сүүлдээ ТӨК-иуд хяналтаас гарч төсөв давсан төсөв зарцуулж, хувийн хэвшлийн хийдэг бүрд хуруу гараа дүрдэг болов.

Иймд Засгийн газрын хуралдаанаас Төрийн өмчит компаниудад реформ хийх, эрх зүйн эрүүл орчин бүрдүүлэх ажлыг эхлүүллээ. Ирэх долоо хоногт энэ асуудлаар танилцуулга хийж, УИХ-д өргөн барина. Мөн ТӨК-иудад "ШИЛ" ажиллагааг хэрэгжүүлж хэн хэдэн төгрөгийн татаас авдаг, үйл ажиллагаа нь хэр байгаа бүгдийг ил болгоно" хэмээжээ.