ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Баатархүү: Интермед эмнэлгийн асуудлаар Тагнуулын байгууллага дүгнэлт гаргана

O.Admin
2024-11-14

"Интермед" эмнэлгийн 230 гаруй мянган өвчтөнүүдийн мэдээлэлд хакерын бүлэглэл халдаж, улмаар тус эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн бөгөөд “Хэрвээ нэхсэн мөнгийг өгөхгүй бол мэдээллийг ил тавина” хэмээн сүрдүүлсэн асуудал гарсан. Тэгвэл уг асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж, дан ганц нэг эмнэлгийн асуудал гэхээс илүүтэй дараа, дараагийн ийм халдлагуудаас хэрхэн сэргийлэх талаар ярилцсан гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллээ.

Тэрбээр, “"Интермед" эмнэлэгт халдсан хакерын бүлэглэлийг бид судалж үзсэн. Европын хэд, хэдэн эрүүл мэндийн байгууллагад халдаж байсан юм билээ. Тэд өвчтөнүүдийн хувийн мэдээллийг барьцаалан мөнгө нэхдэг. Өгсөн тохиолдолд мэдээллийг гаргадаггүй юм билээ. Цахим аюулгүй байдлын индексээр Монгол Улс 193 орноос 103-т зогсож байна.

Хүний хувийн эмзэг мэдээллийг хадгалж байдаг ийм газрууд Мэдээлэл технологийн ажилтан гээд 2-3 хүн ажилд авдаг. Яг тэр хүмүүс нь кибер аюулгүй байдлын талаар ойлголтгүй байгаа нь асуудал болж байна. Цаашдаа дан ганц нэг эмнэлгийн асуудал биш Монгол Улс цахим сүлжээний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ, гадны энэ мэт халдлагаас бүрэн хамгаалагдсан уу гэдгийг Засгийн газрын хурлаар ярилаа. Тагнуулын байгууллага дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна. Зурагт радио үзэж байгаа хүний эмзэг мэдээллийг хадгалдаг газрууд нэн яаралтай мэргэжлийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээгээ хийлгэхийг уриалж байна.

Төгсгөлд нь, Монгол Улсад кибер зөрчил, халдлагатай тэмцэх албан ёсны гурван төв ажилладаг. Тагнуулын ерөнхий газрын дэргэд Кибер аюулгүй байдлын эсрэг үндэсний төв, БХЯ-ны дэргэд Батлан хамгаалахын кибер аюулгүй байдлын төв, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” нь иргэд, хувийн хэвшлийг кибер халдлагад өртөхөөс сэргийлэхээс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх үүрэгтэйгээр ажилладаг.

Өнөөдөр Интермэд эмнэлгийн асуудлыг нийтээрээ ярьж байна. Дэлхийн өнөөгийн чиг хандлага бол кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм халдлага гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах нь хамгийн зөв арга гэж үздэг. Хэрвээ кибер халдлагад өртсөн хувь хүн, байгууллагыг буруутгавал дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуудаг. Тэгэхийн бол тухайн хортой код хаанаас орж ирснийг илрүүлэх явц нь удааширдаг. Интермед эмнэлэгт Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн барьцаалагдсан есөн серверийг бүрэн сэргээхээр ажиллаж байна" гэлээ.