ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Жолоочийн хариуцлагын даатгалыг нэмэгдүүлсэн журмыг буцаан татжээ

O.Admin
6 цагийн өмнө

Жолоочийн даатгалын хураамжтай холбоотой гомдлууд Хуульзүй, дотоод хэргийн сайдын нэр дээр очсон учраас уг асуудлын хүрээнд өнөөдөр сайд О.Алтангэрэл Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, хураамжийг хэрэгжүүлэх журмыг Хуульзүй, дотоод хэргийн яам хүлээж авахаас татгалзаж байна гэсэн юм. О.Алтангэрэл сайд хэлэхдээ “Жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээг тогтоохдоо итгэлцүүр гэдэг аргачлалыг СЗХ-ноос Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд бүртгүүлэхээр Хуульзүй, дотоод хэргийн яаманд ирүүлсэн.

Ирүүлэхдээ СЗХ-ноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр ирүүлсэн. Энэ итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын хувь хэмжээ эрс нэмэгдэж байна. Иргэдийн шүүмжлээд байгаа 720 мянга гэдэг тоо үнэн болж байгаа юм. Тэгэхдээ энэ дотроос анхаарууштай зүйл нь Үндсэн хуульд заасан нас хүйс, нийгмийн гарлаар ялгаварлахгүй гэсэн заалтыг зөрчиж, нас насанд өөр байхаар тусгаж өгсөн байгаа нь хуулийн шаардлагуудад нийцэхгүй байна.

Энэ материалыг ирүүлэхдээ бусад материалын бүрдэлтээр алдаа гаргасан гэж үзээд өчигдөр Хуульзүй, дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж, Улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. СЗХ-ны энэхүү шийдвэр өчигдрөөс эхлэн хэрэгжих боломжгүй боллоо гэсэн үг. Яагаад гэвэл, захиргааны хэм хэмжээний акт Хуульзүй дотоод хэргийн яаманд эцсийн бүртгэлд бүртгэж байж хэрэгждэг. Тиймээс хуульд нийцүүл гэдэг шаардлага тавиад буцаалаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэд энэхүү хуулийн дагуу мөнгө төлсөн бол даатгалын компаниудаас эгүүлэн нэхэмжлэх боломжтой гэлээ.