ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хилээр хүүхэд нэвтрүүлэхэд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулжээ

O.Admin
7 цагийн өмнө

“Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, онцлог” сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 09, 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа.

Сургалтад Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг цагдаа, хил хамгаалал, гадаадын иргэн, харьяат, гаалийн байгууллагын төлөөлөл хамрагдаж, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлага, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хилийн боомтуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын хилээр хүүхэд нэвтрүүлэхэд анхаарах асуудал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийн талаар ойлголт, мэдлэгээ нэмэгдүүллээ.

Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Анбаунд Монгол” ТББ хамтран дээр дурдсан байгууллагуудын төлөөллийг оролцуулж хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү сургалт болон хэлэлцүүлгийг “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд төслийг АНУ-ын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр Дэлхийн зөн олон улсын байгууллага болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна.