ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Бүс нутгийн хөгжилд анхаарч ажиллаарай, дарга нар аа

O.Admin
19 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нартай бүсчилсэн хөгжлийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

-Бүсчилсэн хөгжлийн бодлого, стандарттай шийдлийн талаар

-Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлын талаар

-“Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

-“Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өргөтгөсөн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд “2024 оны сонгуулийн үр дүнгээр бид хамтарсан Засгийн газар байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан алдаа бол төрийн бодлогын залгамж халаа алдагдсан явдал юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр холимог тогтолцоог бий болгосноор хамтарсан Засгийн газар бий болж, цаашдаа ч ажиллах болов уу.

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдээс эрс өссөн үзүүлэлттэй байна. Цаашдаа бид улам их хичээх ёстой. Ирэх жилүүдэд та бүхэн ганц аймаг, сумын асуудал гэхээс илүү бүсчилсэн хөгжлийн том зургаар асуудлаа харж, том төслүүдийг хөдөлгөх, бүс нутгийн хөгжилд түлхэц болох төсөл хөтөлбөрт анхаарлаа хандуулан хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.