Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол хийсэн билээ.
Тэгвэл энэхүү томилгоон дунд нэр бүхий улстөрчтэй эрх ашгийн хамаарал бүхий хүмүүс байгааг УИХ-ын гишүүн Ө.Шижир хөндсөн юм. Тэрбээр, өчигдөр нүүр номын хуудсаараа дамжуулан “Эдийн засгийн байнгын хороо томилгоог хаалттай хэлэлцэнэ гэнэ ээ. Хэнээс юу нуугаад хэдхэн хүнийг хаалттай хэлэлцэж томилох гээд байгаа юм. Ямар хүмүүс томилогдож байгааг иргэд мэдэх эрхгүй гэж байгаа юм уу. Т.Доржханд хамаатнаа томилуулж байгаа болохоор хаалттай болгож байгаа юм уу” хэмээжээ. Мөн энэ асуудлыг өнөөдөр өглөө УИХ-ын чуулганаар томилгоо ороход лавлаж асуув. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ч уг асуудлыг нэр дэвшигч Л.Сонороос тодруулсан билээ.
Уг асуултад Нэр дэвшигч Л.Сонор “Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ би энд хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв байх. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд ямар нэг хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл ямар нэг байдлаар нөлөөлөөгүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна” хэмээв. Гэсэн ч гишүүдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хэмээн үзэж, дэмжихээс татгалзжээ.
Нэр дэвшигч Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм байна.