ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг тэргүүтэнд утаа, түгжрэл хамаатай гэж бодож байна уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
10 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жил гаруйн өмнөхөн “Монголын төрийн шийдвэрийг Төрийн ордон тойрсон оффисууд дотор 30 гэр бүлийн төлөөлөл болсон эзэд гаргаж байна” хэмээн мэдэгдэж байв. “Москва найтаахад Монгол ханиад хүрнэ” гэдэг шиг  төрийн бодлого ямар замаар явах, хэний эрх ашигт нийцүүлж хууль гаргахыг 30-хан гэр бүл шийддэг болоод багагүй хугацаа өнгөрснийг тун товчхон хэлчихсэн хэрэг л дээ.

Уг нь тэдний эрх мэдлийг хумих, гар хөлийг нь таслах, кнопны наймаанд орчихдог улстөрчдийн хэт хамаарлаас гарах гэж өнгөрсөн хугацаанд бид чамгүй л зүтгэлээ.

Олон нам, нийгмийн салбар бүрийн төлөөллийг УИХ-даа оруулаад ирвэл кнопны наймаа зогсох болов уу хэмээн найдаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан холимог тогтолцоог хуульчилж өгөв. Ингэснээр ямар ч байсан нэг намын дарангуйлал ирэх 30 жилд байхгүй болж, хамтарч шийдэх, хамтаараа ярилцах боломж бүрдсэн нь сайшаалтай хэрэг.

Гэлээ ч шүүх засаглал, хууль хяналтын байгууллага, банк санхүү, хувийн хэвшил гээд бүлэглэлүүдийн базаагүй, гар хөлөө шургуулаагүй салбар тун цөөхөн үлджээ. Нэгэн цагт Монголыг хаашаа хөдөлгөхийг Москвад шийддэг байсан бол өнөө цагт харин “Энканто”-гийн саун, АНУ-ын хаа нэгтээ хэлэлцдэг болов. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн шинэ цагийн колончлогчдын эрх ашгийг хөндсөн олон шийдвэрийг Монголын төр гаргаж эхэлсэн учраас баялгийг ард түмэнд олгохгүй, амин хувьдаа завших гэсэн Монголын хэдэн бүлэглэлтэй үгсэн хуйвалдаж, төрөөр тоглож буйн жишээ энэ биз ээ.

Монгол Улсыг аль өнгөтэй өөдтэй орд газрыг хувааж идэхээр хуйвалдаж, заримтай нь Монголд ашиггүй гэрээ байгуулчихаад эх орноосоо дүрвэж одсон Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж тэргүүтэн өөрсдийн гар хөл болсон шүүгч нарыгаа “Энканто” саунд цуглуулж, өөрсдийг нь баривчлуулахгүй байх чиглэл өгснөөр Эбигийн гар хөлийн үзүүрт зарагдах үүрэг хүлээсэн шүүгч С.Олзод Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлахгүй байх шүүхийн шийдвэрийг нэгхэн хоногийн дотор гаргачихлаа. Мөн ч хоржоонтойёо.

Бараг л АНУ-д экс Ерөнхийлөгч маань найтаахад монголчууд ханиад хүрч байна гэж хошигночиход гэмгүй. Асар хурдтай хөдөлж байна шүү, шүүгчид маань. Авлигачидтайгаа ингэж тэмцдэгсэн бол. Ингэснээр Сингапурт саатуулагдаад байсан П.Цагаан Интерполын савраас мултарч, Ц.Элбэгдорж харин Засгийн газрыг огцруулах жүжгээ тавихаар гар хөлийн үзүүрт зарагддаг хүмүүсээрээ дамжуулан өнгөрөгч бямба гарагт Төв талбайд жүжиг тавив.

Энэхүү жагсаалыг яагаад эхлүүлсэн, ямар зорилго агуулсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” компаний зүүн үйлдвэрт ажиллахдаа тун товчхон хариулна билээ. Тодруулбал, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар Тавантолгойн орд газрыг хятадуудад 100 жилээр өгөх гэрээ байгуулахаар 2013 онд санаархах үедээ Хятад улс руу элч томилон явуулж, өөрсдөө орд газраа өгөх санаачилга гаргаж байсныг ярьсан билээ.

Тэрбээр, “Ц.Элбэгдоржийн шунал бол тодорхой. Тавантолгойг өөртөө авах шүү дээ. Х.Ганбаатар, Г.Батцэнгэл тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл өөрсдөө “Чайна Энержи” дээр очиж Тавантолгойг өгье гэж санал тавьсан байдаг юм. Гэтэл 2014 онд хоёр улсын Засгийн газар, эсвэл хоёр улсын төрийн өмчит компани хийж болно шүү дээ гэдэг асуудлыг БНХАУ-ын зүгээс тавихад “MMC буюу “Энержи Ресурс” тэргүүтэй манай улсын хувийн хэвшлийн компаниуд орох ёстой гэдэг санал манайхаас тулгасан.  

Өөрөөр хэлбэл, 51 хувьд нь Монголын хувийн хэвшлүүд орох ч Тавантолгойн хүртэх хувь 0 байлаа. Ингээд 2014 оны наймдугаар сарын 21-23-ны хооронд холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулчихаад түүнийгээ устгачихсан. Би сая Хятад улсад айлчлах үедээ “Чайна Энержи”-тэй уулзаж, уг гэрээг олж авсан. Гишүүдэд үзүүлсэн.  Ингээд үнэнд гүйцэгдэж сая л нэг юм тус гэрээг Монголын талд ашигтайгаар УИХ-аар батлууллаа. Тэрхүү тогтоол Тавантолгойг өөртөө авах гэж байсан хүний уурыг хүргэсэн. Тиймээс л гар хөлөөрөө дамжуулан Засгийн газрыг огцруулахаар оролдож, П.Цагааны хүү болон Р.Чингис хурандаагаар дамжуулан жагсаал санхүүжүүлж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Р.Чингис, “Энержи ресурс” хоёр ямар сэжмээр холбогдов

“Энержи ресурс”, Ц.Элбэгдорж тэргүүтний эрх ашгийг зөрчиж буй энэхүү жагсаалд Дотоодын цэргийн командлагч Р.Чингис яаж яваад холбогдчихов гэж олон хүн гайхаж асуух нь мэдээж. Ерөнхий сайд энэ мэдэгдлийг хийснийхээ маргааш нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Р.Чингис хурандаа “Би энэ жагсаалд ямар ч хамаагүй. Төрийн эсрэг ноцтой гэмт хэрэгт намайг гүтгэлээ” хэмээн мэдэгдсэн ч Ж.Оджаргал, Ц.Элбэгдорж тэргүүтэнтэй тэрбээр төрийн албан тушаалаар биш хувийн компаниараа сүлбэлдсэн байсныг ergelt.mn сайтын “ЦЕГ-аас төрсөн тэрбумтнууд” материал гэрчлээдхэв.

Тодотговол, Засгийн газрыг огцруулах жагсаалыг санхүүжүүлсэн гэж ажлаасаа халагдсан Бригадын генерал Р.Чингис нь эхнэр Б.Ариунаагийнхаа нэр дээр “Пи Эс Жи секюрити” ХХК, “Просижион” ХХК гэх хамгаалалтын хоёр компанийг 100 хувь эзэмшдэг аж.

Түүний хамгаалалтын албанд чөлөөлөндөө гарсан цагдаа нар ажилладаг бөгөөд бизнесийн томчуудын уурхай, үйлдвэр, оффисыг хамгаалдаг, хамгийн өндөр ханштай, хамгийн “элит” хамгаалалтын алба ажээ. Түүний хамгаалалтын алба нь MCS группын үйлдвэр,  Д.Эрдэнэбилэгийн “Бороо гоулд” алтны уурхай, П.Батсайханы “АПУ”, “Шунхлай” группын үйлдвэрүүд болон оффисууд болон охин компани болох “GS25” сүлжээ дэлгүүр, Ж.Оджаргалын “МCS” группын охин компаний нэгдсэн хамгаалалтыг хариуцдаг аж.

Тэгэхээр хэн хөгжим захиалж, хэн нь тоглосныг төвөггүйхэн мэдэж болж байгаа биз. Үүнээс гадна Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “NTV телевизэд өгсөн ярилцлагадаа “Р.Чингис жагсаалыг санхүүжүүлээгүй гэдэг нь нотлогдвол би сайдын ажлаа өгнө” гээд мэдэгдчихлээ. Бод доо. Хуульзүйн сайд, мэдээлэлд хамгийн ойр, хууль хяналтын байгууллагыг удирдаж байгаа хүн ийм мэдэгдэл хийнэ гэхээр Р.Чингис генерал лавтай асуудалд нэлээд лавхан хутгалдсаныг илтгэх биз ээ.

Уг нь Л.Оюун-Эрдэний Засгийн газар өмнөх Засгийн газруудаас хамгийн их ажил хийж буйг нуугаад яах юм. Гэтэл ажлаа сайн хийгээд байгаа учраас огцор гэж жагсана гэдэг зүгээр ч нэг тохиолдол лавтай биш. Мега төслүүдээ хөдөлгөе гэхээр Засгийн газраа огцруулъя гэдэг улс төр явна гэдэг зүгээр ч нэг тохиолдол биш. Түүнийг ярихын тулд судлаач байх шаардлагагүй. Л.Оюун-Эрдэнэд ч тал засах шалтгаан байхгүй. Тэр тусмаа “NoWar хөдөлгөөн оролцож, Б.Монголхүү тэргүүтэн гарч ирнэ гэдэг бол их том эрх ашгийг хөндсөн гэдгийг нотолно. Тэгвэл энд хэд хэдэн гаргалгаа дэвшүүлж болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэний Засгийн газар, хамтарсан парламентын ойрын зургаан сарын хугацаанд гаргасан томоохон шийдвэрүүд бүлэглэлийн эрх ашгийг хөндөж эхэлсэн цөөхөн жишээг дурдвал,

Хамгийн их маргаан дагуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр төмөр замаар жилд 30.0 сая тонн ачаа экспортлох боломжтой болно. Тавантолгойн нүүрсний экспорт жилд 70.0 сая тоннд хүрэх боломж бүрдэв. Гэхдээ төмөр замаар гэдгийг онцлоё. Энд хэний эрх ашиг хөндөгдөх вэ.

Хоёр улсын Засгийн газар хоорондоо тохирчихоор хувь эзэмших гэж улайрч явсан “MMC буюу “Энержи Ресурс” хоолгүй үлдчихээд байгаа биз. Тэгэхээр Ж.Оджаргал тэргүүтэн уурлах нь ойлгомжтой. Тавантолгойг өрсөлдөгчөө гэж харсан учраас тэд ууртай байна. Нөгөөтээгүүр, нүүрсээ машинаар зөөж дундаас нь ашиг олж байсан нүүрсний машинтай бүлэглэлийн уур хүрч, уушги зүрх нь сагсайж буй. Цаашдаа нүүрснээс  ашиг хүртэж чадахаа болино гэсэн үг. Төмөр замтай болсноор нүүрсний борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх ч гэлээ үр ашгийг нь ард түмэн хүртэж, эзэд харин хоосон үлдэх учраас тэдний уур хүрч буй.

Монголын төр 28 жил гацсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, Монгол Улс Францын “Орано Майнинг”-тай хамтран, 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмших, ногдол ашиг хүртэх түүхэн нөхцөлийг бүрдүүлэв. Ураныг эсэргүүцэгчид хийгээд хойд хөршөөс эдийн засаг, эрчим хүч, түлшээр мөнхийн хараат байлгах гэсэн хэсэг бүлгийн эрх ашгийг дахиад л хөндчихөв. Тэд эзэндээ үйлчлэхийн тулд энэхүү жагсаалд хүч нэмэн жүжиг тавьж байна.

Энэтхэгийн Засгийн газартай эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийг энэ өдрүүдэд УИХ-аас баталчихлаа. Газрын тосыг нь хэзээ ч олборлуулахгүй, мөнхийн шатахуун түлшээр хянах сонирхолтой, импортын түлшээр хясаж суухыг хүсдэг бүлэглэл энэ эгзэгтэй үед хөдлөхгүй, дайран дээр давс нэмэхгүй суусан гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй шүү.

Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг баталснаар байгалийн баялгийн шударга хуваарилалт явагдаж, иргэн бүр хувь хүртэх болов. Нүүрс, алт, зэсээр баяжиж байсан эзэд үүнд ууртай байгаа. Олигархиуд хэзээ ч ашгаасаа хуваалцахыг хүсэхгүй. Томоохон орд газруудыг төрд буцаан авах гэсэн шийдвэрийн эсрэг эцгийнхээ, өөрийн компанийхаа эрх ашгийг хамгаалсан МАК-ийн Б.Нямтайширын хүү Номтойбаярын хийж буй улс төрд итгэдэг гэнэн баймааргүй байна, монголчууд аа. Тэд цөлмөж хувхайлж идэж ирснээс биш бидэнтэй хуваалцаж байгаагүйг санацгаая. Овоолгоор баяжсан, лицензийнхээ 34 хувиа алдахыг хүсэхгүй байгаа уул уурхайн эзэд бүхэн энэхүү жагсаалыг санхүүжүүлж, ивээс хийж, дэр эвж суугаа. Ирэх өдрүүдэд ч тэд ил, далдаар санхүүжүүлж, эрх ашгаа хамгаалахыг хүснэ. Энэхүү сонирхлоо ч илэрхийлээд эхэлчихсэн. Энэ бүхэнд харин ард түмэн хэрсүү байж, ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан соргог байж заавал хэрэгжүүлэх төслүүдээ дэмжихээс өөр гарцгүй билээ.

Улс орон хөгжих ёстой болохоос биш увайгүй луйварчид хожих учиргүй. Тэд эрх ашгаа хөндөгдөх бүрт төрөөр тоглож, Засгийн газраа огцруулж санасандаа хүрч ирсэн. Парламентад шургуулсан гар хөлөө ашиглан хүссэн кнопоо дардаг байв. Үр дүнд нь бид өнгөрсөн 30 жилд нэг ч удаа “элэг бүтэн” Засгийн газартай байж үзээгүй. Харин 126 гишүүнтэй болсноор парламентын дархлаа ямартай ч чангарчээ гэдэгт алгаа таших нь зөв биз.

“Төсөл хэрэгжүүлье, улсаа хөгжүүлье, том ордуудаа хөдөлгөе, ард түмэндээ баялаг хүртээе” гэхээр алив огцруулаад өг гэж мунхагладаг байж хэрхэвч болохгүй юм. Бидний гэнэн сэтгэхүй, утаа, түгжрэл, татвар, цалин гэсэн өнөөдрийн асуудал дээр тэд улс төрийн тоглолтоо овжин хийж маргаашийн том ирээдүйг баллах, Монгол Улсыг мөнхөд ядуу, хараат, бүлэглэлийн саварт байлгах эрх ашгаа гүйцэлдүүлж буйг ойлгож, хэрсүү байх нь зүйн хэрэг.

Харин түгжрэл, агаарын бохирдлын асуудал, татвар нэмэх, хасах ажлуудаа хий гэж шахаж шаардаж, үр дүн гартал нь шүүмжилж, хөндөж тавина гэдэг бол өөр тэмцэл юм шүү. Лавтай Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг тэргүүтэн бидний энэ асуудлын төлөө тэмцээгүйг л ойлгомоор байгаа юм. Бидний толгойн өвчин тэдэнд хамаатай гэж та бодсоор л сууна уу. Тэд удирдаж байхдаа хийгээгүй атлаа өчигдөр гэнэтхэн ухаарчихсан гэдэгт итгэсээр суух уу.