Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй айлчлалын хүрээнд Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
-“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна. Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.
-Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана
-Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
- Нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.
- Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална.
-Залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
-Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцаж хамтран ажиллана.
-“МҮОНРТ болон Туркийн радио, телевизийн корпорац харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн улс орны түүхэн үйл явдлын баримт, архивыг сэргээж, олон нийтийн хүртээл болгоно.
-Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно.