Францын талаас 1.2 сая еврогийн авлига авсан хоёр хүний нэр ил болжээ. Тодруулбал, УУХҮ-ийн Дэд сайд О.Эрдэнэбулган, АМХЭГ-ын дарга Д.Үүрийнтуяа нар "Арева" компаниас авлига авч ураны тусгай зөвшөөрлийг сунгаж өгсөн гэх мэдээллийг өнгөрөгч даваа гарагт АН-ын бүлгийн хуралдааны үеэр ярилцжээ.
БНФУ-д авлигын асуудлаар шүүх хурал товлогдсон гэх мэдээлэл яригдаж байна. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрбээр, "Францын “Орано” групптэй хийж буй төслийг би ахалж байгаа. 28 жил яригдсан төслийн алдагдсан боломжийн тухай ярих юм бол маш том тоо гарна. 10 жилийн өмнө энэ төсөл хөтөлсөн бол 2.5 тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирэх байсан. 2012 онд энэ асуудал болсон юм билээ.
Олон улсын хэвлэлээр хангалттай тавигдсан. 2018 оноос хойшоо ч Монголын хэвлэл мэдээллээр гарсан. Францын компани үйл ажиллагаа явуулахдаа “Евро трейд” гэж зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийхдээ буюу ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл авахдаа Монголын албан тушаалтнуудад нөлөөлсөн гэж үзээд Франц улс шалгаж эхэлсэн юм билээ.
Дараа нь Францын санхүүгийн прокурорын газраас Монголын АТГ-т хүсэлт ирүүлж эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэхэд хамтарч ажиллаач гэж хүсэлт ирүүлэн хамтарч ажиллаад хэргийг нь шалгаж явсаар 2024 оны арванхоёрдугаар сард эцэслэн шийдэгдсэн юм билээ. Тухайн компанид торгууль ногдуулахдаа Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн гэж үзээд торгууль ногдуулаад хэргийг хаасан.
Тухайн үед АМХЭГ-ын дарга болон Уул уурхайн дэд сайд хоёр холбогдсон юм билээ. Хууль хяналтын байгууллага ажлаа хийх байх. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг батлахдаа авлигатай тэмцэх бүлэг буюу урамшуулал авах, бэлэг авах зэргийг бүгдийг нь хориглолоо. Тухайн үед ажлын хэсэгт ажиллаж байсан нэг ч хүнийг энэ хэлэлцүүлэгт оруулаагүй” гэв.