2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 төрлийн хичээлийг Монголын анхны цахим сургууль “Мэдлэ” сургалтын платформ ашиглан 496 сургуулийн 17453 сурагчид 317 багш зааж байна.
Эдгээр хичээлээс зургаа нь танхимын сургалтаар ордоггүй байсан төдийгүй, технологийн гурван хичээлийг нь цоо шинээр оруулж, их сургуулиудын нарийн мэргэжлийн сургалтуудтай уялдуулан суурь мэдлэг олгох зорилгоор заах болсон нь хүүхдүүдийн мэргэжил сонголтод эерэгээр нөлөөлж байна.
Анги дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд хичээлээ сонгон судлах тэгш боломж олгох, хилийн чанадад байгаа монгол хүүхдэд монгол хэл, Монголын түүх, соёл, үндэсний өв уламжлал, зан заншлаас сургах зорилгоор энэхүү цахим сургуулийн үйл ажиллагааг анх туршилтын маягаар эхлүүлж байсан бол өнөөдөр анхлах ангийн хүүхдүүд андахгүй болжээ.
Хэрвээ сонгон судлах хичээлийг цахимаар бус танхимд хичээллүүлсэн бол 2023-2024 онд 640 хүүхдийн багтаамжтай 19 ахлах сургууль, 1718 багш ажиллах шаардлагатай байсан юм.