ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Зөвшөөрлийн зөвлөл"-ийн тогтоолыг баталлаа

O.Admin
3 цагийн өмнө

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт даалгасан. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2025.02.06) төрийн ордонд боллоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуралдаанаар “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, асуудал” сэдвээр танилцуулга хийв.

Танилцуулгад хамгийн их шат дамжлагаар тусгай зөвшөөрлийг олгож байгаа нөхцөлийг дурдав. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 138, эрүүл мэндийн чиглэлээр 126, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр 110, соёл, боловсролын чиглэлээр 80 үе шатыг дамжиж байж тусгай зөвшөөрлийг авдаг тооцоолол гарсан байна.

Зөвхөн эрүүл мэндийн салбарт зарим жишээн дээр процессын шинжилгээ хийж үзэхэд:

-Эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход 18 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 133. Сунгахад 11 баримт бичиг бүрдүүлж, 85 шат дамжлагыг дамжих шаардлагатай.

-Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 15 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 138. Сунгахад 11 баримт бичиг бүрдүүлж, 85 шат дамжлагыг дамжих шаардлагатай.

-Халдваргүйжүүлэх бодис худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 11 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 114. Сунгахад 9 баримт бичиг бүрдүүлж, 79 шат дамжлагыг дамжих шаардлагатай байна.

Мөн хувийн цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоход 26 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 93. Сунгахад 34 шат дамжлагыг дамжих шаардлагатай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцоллоо.

Судалгаагаар төрөөс олгогдож байгаа нийт 251 тусгай зөвшөөрлөөс 89 зөвшөөрлийг олгох харилцаа нь эрх бүхий байгууллагаас батлагдсан журмаар, 33 зөвшөөрөл нь хууль болон журмаар давхардсан байдлаар зохицуулагдаж байна. Өөрөөр хэлбэл нийт 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 тусгай зөвшөөрөлд холбогдох ямар нэгэн харилцааг хэм хэмжээ тогтоосон актаар, журмаар зохицуулж байна.

“Зөвшөөрлийн зөвлөл” дээрх асуудлуудын хүрээнд хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээ авах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагуудад чиглэл өгсөн тогтоолын төслийг баталлаа.