ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Идэрбат: Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг экспортын чадамжтай болгоно

O.Admin
1 цагийн өмнө

Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж байна. Энэхүү уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үг хэллээ. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн нэг салбарын асуудал биш, харин хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, соёлын өвийн тухай чухал уулзалт юм гэдгийг онцлов. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй, илүү аюулгүй, илүү хариуцлагатай, илүү үндэсний онцлогтой, илүү өрсөлдөх чадвартай салбар бий болгох тухай ярих ёстой гэлээ.

Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг зөвхөн дотоодын хэрэглээний зах зээл гэж харахгүй, харин үндэсний онцлог, соёл, чанар, аюулгүй байдал, зочломтгой үйлчилгээ хосолсон экспортын чадамжтай салбар болгож хөгжүүлэх нь чухал гэдгийг сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ дурдлаа.

Монгол Улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2024 оны жилийн эцсийн байдлаар энэ чиглэлээр 2,923 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 64.1 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Энэ салбарт 43.3 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 3.2 хувийг эзэлж, ажиллагчдын 72.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 14.8 хувиар, суудлын тоо 2020 оны 42.4 мянгаас 2024 онд 75.8 мянга болж 78.8 хувиар тус тус өссөн нь энэ салбар дотоодын эрэлт, үйлчилгээний хүртээмж, зах зээлийн идэвхжил хэрхэн тэлж байгааг харуулж байна. Тус салбарын орлогын 80 гаруй хувь нийслэлд төвлөрч байгаа нь орон нутгийн хөгжил, тэгш хүртээмжийн асуудлыг мөн хөндөж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын хөгжил, дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан зарим хүнийг төрийн цол, тэмдгээр шагнасныг гардууллаа. Мөн эзэн Чингис хааны эш хөргийг салбарын холбоодод хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.