ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээ боллоо

O.Admin
57 минутын өмнө

"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг 2017 оноос хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байна.  Хууль бус ан, мод бэлтгэл, ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн энэхүү арга хэмжээ нь “Иргэн бүр экологич” уриан дор ням гарагт /2026.05.24/ эхэллээ.

НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр нээж үг хэлсэн юм. Тэрбээр, хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлахад хэрхэн суралцах, бусдад үлгэрлэх талаар уриалга хэлж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвхи санаачилгатай оролцсон байгаль хамгаалах эко клубын гишүүн хүүхдүүдэд талархлын бичиг дурсгаж, цэцэгний үрсэлгээ бэлэглэсэн юм.

Энэ үеэр Эко клубын гишүүн хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан, ховор болон нэн ховор амьтны чихмэл, “Байгалийг сонсъё” хөгжмийн орчин буюу Ди Жей, “Байгальтайгаа хамт дурсамж бүтээе” зураг авалтын булан зэргийг байрлуулсан байв.

Хүүхдүүд амралтын нэг өдрийг ийнхүү эцэг эх, найз нөхдийн хамт тоглож, танин мэдэж, цагдаагийн эрэлч ноходтой хамт зураг авахуулах зэргээр хөгжилтэй өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Байгаль орчныг хамгаалах  тухай хуульд “Монгол Улсын иргэн бүр байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал зан заншил эзэмшиж, хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэгтэй” гэж заасан байдаг.

Хууль бусаар ан, байгалийн ургамал, ой мод, газрын хэвлийн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм.

"Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээ нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдал, байгаль дэлхийд хэрхэн аюул учруулдгийг хүүхэд багачуудад ойлгуулах, хүүхэд өөрийн оролцоог нэмэгдүүлэхэд жижигхэн үйлдэл хандлага хүртэл чухал ач холбогдолтойг харуулсан үйл явдал боллоо.