ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Нарантуяа: Баячуудын эрх ашгийг гүйцэлдүүлэх ажлын хөл гар бол болохгүй ээ

O.Admin
7 цагийн өмнө

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд ар араасаа мэдэгдэл хийж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа "Бооцоот уралдаанаа нээлгэх гэж өв соёлоор халхавчилдаг шиг л эрх ашгаа хамгаалсан том групп, корпорациудын эрх ашгийн төлөө түүх мүүх гэгдэх чиглэл авсан гарууд аж. 

Засагт хамтрахдаа миний гарын үсэг хэрэг болоогүйн адлаар засгаа огцруулахдаа миний гарын үсгээр дутахгүй биз. Хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийг хураах тухай, стратегийн том ордууд хэдхэн хүний эзэмшил байсныг нийтэд нээлттэй болгоё гэхэд хэн яаж улайрч, хэн хэн рүү дайруулж, хэн хэнийг гүтгэж хэр их троллуудад санхүү мөнгө зарж байгааг нь иргэд аяндаа ялгаад эхэлнэ ээ. 

Монгол Улсаасаа илүү баяжчихсан баячуудын эрх ашгийг гүйцэлдүүлэх ажлын хөл гар бол болохгүй ээ. Шударга хэлье. Халхын заяа гэж бий биз. Би ямар ганцаархнаа гишүүн ч биш, ингэж дуугар, тэгж зур гэхэд нь давхиж байдаг амьтан ч биш. Юу ч гэвэл гэнэ биз, хамаа алга. Бүр одоо хэн дуртай нь юу дуртайгаараа хэлдэг болж тэгнэ л биз.

Чадлынхаа хэрээр байхдаа харин хүний өдөөн хатгалгад орж, эсвэл хэн нэгний гар хөл болж л явахгүй шүү. Буух өдрөө мэдэж буйн тул хэнийх нь хүссэнээр байлтай өөрийнхөөрөө л явах минь" хэмээжээ.