ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Маргааш зурагдах төмөр замын хил холболтын гэрээний онцлох заалтууд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ын Харбин хот руу хоёр хоногийн томилолтоор явж байна. Тэрбээр, энэхүү богино хугацааны айлчлалаараа Монгол Улсын түүхэнд тод мөрөө үлдээх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболт, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалын гэрээнд гарын үсэг зурснаар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмблэгдсэн түүхэн том төсөл гараанаас гарах нь ээ.

Өөрөөр хэлбэл, MMC буюу "Энержи Ресурс" зэрэг олон эрх ашгийн улмаас гацсан, Засгийн газар нь бус хувийн хэвшил нь улс төрийн тоглолт хийж олон жил гацаасан том төсөл ийнхүү албан ёсоор гараанаас гарч, компани хооронд бус ашгийг нь 3.5 сая монголчууд цугаар хүртэх нөхцлөөр Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар, тус улсын төрийн өмчит "Чайна Энержи" компани хооронд дундын зуучлагч, дамжуулагчгүйгээр зурагдах нөхцөл боломж олон, олон улстөржилтийг давж бий болж байна. Энэ өдрийг хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том улс төрийн дайралт, бүлэглэл хийгээд эздийн эрх ашгийн эсрэг зогссон үйлээ үүрч, гүтгэлэг доромжлол, бүр огцруулах амбийц дундуур туучсаар эх орноосоо мордлоо. Түүнийг эзгүй өдрүүдэд ч бүлэглэлийн дайралт зогсохгүй гэдэг нь тодорхой. 

Ерөнхий сайдтай хамт Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар хамт очиж, тус гэрээнд гарын үсэг зурна. Монголчуудыг олон жил хөгжүүлэхгүй байх гэсэн, нүүрс тээврээр дамжуулан ашиг олдог, төмөр замын хил холболтыг албаар гацааж байсан улстөрчид хийгээд бүлэглэлүүдийн эрх ашиг энд хүрээд дуусаж байна. Монголчууд ойрын хугацаанд автомашинаар нүүрсээ зөөхөө больж, нүүрсээр баяжсан бүлэглэлүүдийн эрх ашгийг хязгаарлаж, төрийн өмчийг хууль бусаар булаан авч эзэн суусан цөөхөн хэдэн гэр бүлийн хязгааргүй шунал хүсэл маргаашаар дуусгавар болох нь ээ.

Тэгвэл хил холболтын төмөр замын гэрээнд гарын үсэг зурахдаа Монголын тал ямар болзлууд тавьсан, УИХ-аар баталсан Үндсэн чиглэлд тусгасан голлох заалтуудаас тоймлон хүргэе.

МОНГОЛЫН ТАЛААС ТАВЬСАН САНАЛУУД  

-Засгийн газар нүүрсээ борлуулахдаа одоо борлуулалт хийж буй дөрвөн компанийн жишиг үнээр борлуулна

-Гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд 29 сая тонн, 2030 оноос эхлэн 30 сая тонноос буулгахгүй

-Зөвхөн нэг төрлийн нүүрснийг сорчлохгүй буюу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсээ зохист харьцаагаар нийлүүлэх

-Урт хугацааны гэрээ байгуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг тооцох

-Гэрээний хугацааг хэлэлцээр хийж эхэлсэн хугацаатай уялдуулж, 16 хүртэл жилээр тооцох

-Нүүрс худалдах үнээ хөвөгч үнэ буюу улиралд нэг удаа шинэчлэн тогтоох

-Шинээр нээсэн Ончхараат, Бортолгойн хоёр ордоос худалдан авалтаа илэрхийлсэн Хятадын компаниудад борлуулах

-Хил дамнасан төмөр замын холболтыг хийхдээ тендер зарлах эсэхээ хоёр улсын Засгийн газар ярилцах

-Бүтээн байгуулалтын өртгийг хямдруулах. Тэрхүү мөнгөө бэлнээр төлөх. Нүүрс эсвэл ашигт малтмалын бүтээгдэхүүнээр төлөхгүй гэсэн нөхцлүүдийг тохирчээ.

Хятадын тал энэхүү болзлуудыг дийлэнхийг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд хил холболтыг хийх компани дээр "Чайна Энержи" шууд компани санал болгох уу, эсвэл Монголын талын саналыг хүлээн авах уу гэдэг нь хоёр улсын Засгийн газар хэлэлцээр хийсний дараа компани хооронд буюу Зам тээвэр, хөгжлийн яам, "Чайна Энержи" хоёрын дундах асуудал болж яригдах юм. 

Үүнээс гадна “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын асуудлыг мөн Хятадын Засгийн газартай маргааш болох хэлэлцээрийн үеэр ярих бөгөөд төмөр замын бүтээн байгуулалт, тэр дундаа олон жил яригдсан боомтын сэргэлтийн асуудал ч онцлох сэдэв болон яригдах гэж байна.