ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Дүүрэнг батлан даалтад гаргаж, суллажээ

O.Admin
3 цагийн өмнө

Өнгөрөгч арванэгдүгээр сарын 28-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсонтой холбогдуулан тус газрын даргын нөхөн сонгууль явагдахаар болж, даргын төлөөх сунгаа болсон билээ. Тэгвэл үүнээс өмнө тус газрын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас татварын асуудлаар баривчлан цагдан хорьж байв. 

Энэ талаар Т.Дүүрэн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. 

Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх эрхийг бүрэн хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж. Танхимд мөнгө байдаггүй, эргэлддэггүй. Цэвэр компаниудын хандив татвар дээр тогтдог байгууллага. Хяналтын болон Удирдах зөвлөлтэй. Зах зээлийн эдийн засгийн сүүлчийн цайз. Гүйцэтгэх удирдлагад мөнгө шамшигдуулах боломж байдаггүй. Төрийн бус байгууллагын сонгуульд төр ингэтлээ оролцож буй нь дарангуйлал. Би нэр дэвшилтээ үргэлжлүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" хэмээж байв. 

Түүнийг нэр бүхий улстөрчтэй хамтран 2.1 тэрбумыг шавшсан, татвараас бултуулсан гэх асуудлаар цагдан хорих хугацааг сунгах байсан ч өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт тавьснаар түүнийг батлан даалтад гаргахаар болжээ.