ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Ухаа худаг"-ийг хууль бусаар авсан MCS-ийг шалгах ажлын хэсгийг О.Алтангэрэл ахална

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2025-02-18

Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Учир нь УИХ-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн бүлэг ордын хамгийн чухал толгой болох Ухаа худагийг 1997 онд "Энержи Ресурс" ашиггүй буюу хоосон газар хэмээн төсвийн мөнгөөр хайгуул хийсэн орд газрыг дахин хайгуул хийхээр авсан бөгөөд улмаар 2007 онд Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр тогтоол гаргаж, ашиглалтын лицезнз гаргуулсан баримтыг ил болгосон. Тэгвэл энэ орд газар ямар замаар яаж очсон болохыг шалгаж ажлын хэсгийг ийнхүү байгуулжээ. 70 хувь нь коксжих нүүрстэй, Тавантолгойн бүлэг ордын өрөм гэж хэлж болохуйц ордыг хууль бусаар авсан асуудлыг эцэслэн шалгах нь ээ. 

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж, гишүүдээр нь Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллах юм байна.