УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудал буюу МАН болон МАН-ын бүлгийн шийдвэрийг дагаагүй бол -10, бүлгийн хурал хийгээд бусад хуралдаа идэвхтэй оролцож, татвараа цаг хугацаандаа төлсөн гишүүдэд +10 гэх мэтээр оноо өгч, энэхүү оноог харгалзан сонгуулиар тойрог болон жагсаалтад оруулах шийдвэр гаргах журам боловсруулж, үүнийгээ нууцалж буй гэх мэдээлэл тархсан. Тэгвэл энэхүү асуудалдаа холбогдуулан нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлж эхэлжээ.
Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар жагсаалтын нэгдүгээрт сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэлгээний журмыг өнгөрсөн жил бүлгийн удирдлагууд боловсруулаад танилцуулах үед би санал зөрж буйгаа хэлж байсан. Миний хэлсэн саналыг тусгалгүй өчигдөр дахин оруулж ирлээ. Бүлгийн дэмжсэн хуулийг чуулган дээр дэмжсэн тохиолдолд +10, дэмжихгүй бол -10 тавина гэсэн байсан.
Энэ бол бүлгийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэж байна. Гэтэл Ерөнхий сайд ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавина гэж хэлсэн учраас би нэр дэвших шийдвэрийг нь хүлээж авсан. Маш олон гишүүд хүлээж авахгүй, шүүмжлэлтэй байгаа учраас өчигдөр дэмжлэг аваагүй. “Бүлгийн хурал дээр дэмжээд гарлаа ч явцдаа дэмжихгүй зүйл заалт ороод ирвэл чуулган дээр дэмжээд суух боломжгүй” гэж саналаа хэлсэн ч “Тэр хамаагүй. Дэмжсэн байр сууриа хадгалах ёстой” гэсэн зүйлийг хэлж байна. Оноо хасна гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа” хэмээжээ.