ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр байгуулагдсанаар 1113 ажлын байр бий болно

O.Admin
1 өдрийн өмнө

Байнгын хорооны (2025.04.16) хуралдаанаар “Эрдэнэт машин цогцолбор” үйлдвэр байгуулах төслийн талаар Зам, тээврийн яамны Төрийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.

Тэрээр “Засгийн газар металлурги, машин механизм, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдаад, уг хөтөлбөрт тусгагдсан үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний кластерыг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) хамтран ажиллаж байгааг онцлон дурдлаа.

“Эрдэнэт машин цогцолбор” байгуулах ажлын хүрээнд ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлсэн гэдгийг хэллээ. 

Үйлдвэр байгуулах төсөл хэрэгжсэнээр нийт 1113 байнгын ажлын байр бий болж, Монгол Улсын ачаа тээврийн багтаамж, эргэлтийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний ачааны вагон, зорчигч тээвэрт үүсээд байгаа хүндрэлийг арилгахад томоохон түлхэц болно гэж яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдав.

Төслийн хүрээнд 1-10 тонн хүртэл даацтай ачааны автомашин, бүх төрлийн автобус, ачааны вагон үйлдвэрлэх бөгөөд энэ үйлдвэр байгуулагдсанаар ачааны автомашины зах зээлийн 5.0 хувь, ачааны хагас вагон болон автобусны зах зээлийн эрэлтийн 50.0 хувийг хангах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын “Эрдэнэт машин цогцолбор” үйлдвэр байгуулах төслийн танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга нар асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүд төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, төрөөс үзүүлэх дэмжлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар асууж, уялдаатай, үр дүнтэй ажиллахыг зөвлөв.