ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх боломжийг бий болгож байна

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02, 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Эдгээр хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

-УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон заалтыг хүчингүй болгож, бүх нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломж олгож буй юм.

- УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд аливаа этгээд сонгогчдын санал татах зорилго агуулахгүйгээр хурал, уулзалт, цуглаан зохион байгуулж болно. Цаашид сонгуулийн хуульд УИХ-ын гишүүнд давуу байдал олгосон, хүний эрхийн зөрчилтэй, эрх тэгш байдлыг алдагдуулсан заалтыг өөрчлөх шаардлага бий гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир онцоллоо.

Мөн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүгчийн тэтгэвэрт гарах нас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 55 нас гэж заасан нь 60 нас байхаар хуульчлагдаж байгаа юм.