ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН БҮЛЭГ: Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол чуулганд оролцохгүй

O.Admin
2 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Хүний эрхийн байгууллагын 24 дэх тайланг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ асуудлын хүрээнд АН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ.

Мөн иргэдийн оролцоог төрийн бодлого шийдвэрт нэмэгдүүлэх, тэр дундаа цахим засаглалын асуудлыг хэлэлцээд тун удахгүй дижитал дэвшлийг агуулсан цахим сайтыг нээж буйгаа бид бүлгийн фэйж хуудсаар мэдэгдэх болно. Үндсэн хуулийн цэц дээр нэг чухал шийдвэр гарсан. Тодруулбал, иргэдийн сонгох эрх зөрчигдөж байгаа буюу мандатын тоотой тэнцүү дугуйлах, дугуйлахгүй бол хүчингүй болно гэсэн асуудал.

Энэ бол Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасныг АН-ын бүлэг зөв зүйтэй шийдвэр гэдэг дүгнэлт хийлээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцох үедээ УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан. Тэгвэл Ж.Баярмаа гишүүнээс УИХ-ын чуулганы хуралдааны үеэр албан ёсоор тавдугаар сарын 01-нээс өмнө уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг цаашдаа чуулганы хуралдаанд суухгүй. УИХ-ын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл. Гэтэл Ерөнхий сайд хэн нэгний төлөөлөл мэтээр гишүүнд хандсан нь ёсзүйгүй юм. Томилогддог албан тушаалтан УИХ-ынхаа дээр гарч суугаад ард түмний төлөөллийг доромжилж буй нь хэрхэвч зүгээр асуудал биш юм. Тавдугаар сарын 01 хүртэл ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл УИХ дахь Ерөнхий сайдын цаг нь Засгийн газрын пропагандагийн цаг болсон байна. УИХ, Засгийн газар хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг бүдгэрүүлж байна. Засгийн газрын тэргүүн УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг. Гэтэл дээр гарч суучихаад ард түмний төлөөллийг доромжилж болохгүй. Эмэгтэй улстөрчид гаргасан хандлагынхаа төлөө уучлалт гуйх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хуулиа мөрдүүлэхийг шаардана.

Цаашдаа Ерөнхий сайдыг дээр тавцанд суудгийг болиулна. Парламентын ардчиллыг бэхжүүлэхийг УИХ-ын даргаас шаардана. УИХ нь УИХ шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг байх ёстой. УИХ-д Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдгийг болиул. Харин Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуулт, асуулгад хариулт өгөх гэж ирдэг зарчим руу шилжих ёстой" гэлээ.