ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Онги Цагаанбургастайн усан цогцолбор"-ын нээлт болов

O.Admin
5 цагийн өмнө

"Орхон Онги" төслийн дэд төсөл болох "Онги Цагаанбургастайн усан цогцолбор"-ын нээлт болж Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр болон Говийн бүсийн гишүүд, Хангайн бүсийн гишүүд, Говийн дөрвөн аймаг, Өвөрхангайн Засаг дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр хэлэхдээ "Хамтарсан Засгийн Газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ.

Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг өнөөдөр эхлүүллээ" хэмээлээ.

Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзэлхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна.

Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлснээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт зургаан жилээр уртасах боломжтой аж.

Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.