Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын 34-50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэсэн заалт бий.
Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулж байсан. Тэгвэл цаашдаа үгсэж, ар өврийн хаалгаар авдаг, ашиглах гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсооно. Цаашдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах зарчмаар эзэмшүүлнэ. Мөн төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох зарчмыг энэхүү тогтоолоор албажуулж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн гурван орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдмин"-ий үйл ажиллагаа болон хэлэлцээрийн явцтай танилцаад ирлээ. Ирэх өдрүүдэд бид Баялгийн сангийн тухай хуулийн дагуу төр 34 хувийн эзэмшлээ тогтоох хэлэлцээрийг дуусгаж, УИХ-д энэ асуудлыг өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр өөрсдийнхөө овоолгыг ашиглахаар бэлтгэж байсныг зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол нээлттэй сонгон шалгаруулалтад ороод эзэмшээд явахаар шийдвэрлэлээ.
Нэг хоёр захирлын гарын үсгээр асуудлыг шийддэг, 34 хувиа өгье гэхэд нь аваагүй, үүсмэл ордыг ашиглахдаа баялгийн санд тодорхой хувь байршуулаагүй зэрэг хэрэг маргаан шүүхийн шатанд яваа. Эрдэнэтийг түшиглэсэн гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг хоёр долоо хоногийн хугацаанд багтаан хэрэгжүүлж, хууль шүүхийн асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.