Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл өнөөдөр (2025.05.06) төрийн ордонд ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурлын эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төрийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний санал” танилцуулав. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй төлөвлөх, хувийн хэвшлийг дэмжих замаар төрийн бүтээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр хэмнэлт бий болгох, төрийн үйлчилгээний чанар, үр дүнд байнгын хяналт тавьж санхүүжилттэй уялдуулах боломжуудыг танилцуулав.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс төсвийн хэмнэлт хийхдээ бүтээмжийг багасгахын зэрэгцээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэлэг санаачилгуудыг дэвшүүлж, гардан хамтран ажиллахаа илэрхийлэв.
-Төсвийн сахилга батыг бэхжүүлэх зорилгоор бүх шатны байгууллагуудын урсгал зардлын хяналтыг чангатгах,
-Төрийн үйл ажиллагаанд цахим шилжилт, хиймэл оюун нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлэх цахимжуулах замаар ил тод, хурдан шуурхай байдлыг хангах,
-Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын дэд хэсгүүд байгуулж, хувийн хэвшлийн мэдлэг, туршлагыг ашиглах
-Бүтээмжийн асуудал зөвхөн төрийн биш, үндэсний хэмжээний асуудал болсон учраас үндэсний аян өрнүүлэх
-Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох,
-Хэмнэлт, бүтээмжийн чиглэлээр сайн жишээ болох байгууллагуудын туршлага хуваалцах, урамшуулах системийг бий болгох боломжуудыг хэлэлцэв.
Зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тус саналуудыг уялдуулж, тодорхой үр дүн, санхүүгийн тооцооллыг гаргах зорилгоор “Санхүүгийн сахилга бат”, “Процессын ре-инженеринг”, “Цахим шилжилт, хиймэл оюун” гэсэн гурван чиглэлээр төр, хувийн хэвшилтэй хамтарсан ажлын дэд хэсгүүд байгуулж, 2026 оны төсвийн тухай хуультай уялдуулж шийдвэрлэн, УИХ, Засгийн газарт үр дүнг танилцуулахыг үүрэг болгов.