ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОУСК-тай хамтран ажиллах талаар санал солилцов

O.Admin
4 цагийн өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын Эрчим хүч, метал уул уурхай хариуцсан захирал хатагтай Валери Лекловтой уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд, гүйцэтгэх захирал С.Наранцогт ОУСК-ын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд нэгдлийн бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулав.  

Дараа нь, ОУСК-аас “Оюу Толгой” төсөлд Засгийн газар болон “Эрдэнэс Монгол”-ын баримталж буй бодлого, “Зөөвч-Овоо” зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүд болон чухал ашигт малтмалын төслийн талаар сонирхсон асуултаа асууж тодруулан, улмаар “Эрдэнэс Монгол” ХХК болон ОУСК-тай хамтран хэрэгжүүлж болох төслүүдийн талаар ярилцлаа. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд, 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө нэгдлийн харьяа томоохон орд газар, үйлдвэрүүд, түүний суурь дэд бүтцэд тулгуурлан 6 байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар зорьж буйгаа онцлон танилцуулж, эдгээр паркд дараагийн шатны үйлдвэрүүдийг байгуулах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  

Төгсгөлд нь, талууд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “1-р тойрог зам” төслийн санхүүжилтийг хамтран шийдвэрлэх талаар хэлэлцэж, өөр бусад төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх дараагийн шатны уулзалтыг зохион байгуулахаар товлолоо.