ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Ганхуяг: Гурван төслийг төсвөөс гаргаснаар хурдан хугацаанд ашиглалтад орох давуу тал бий болно

O.Admin
6 цагийн өмнө

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-ын гишүүдээс хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд ингэснээр томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх үүднээс гадны зарим гадны зээлээр хэрэгжиж байгаа төслийг төсөвт хамаатуулахгүй байхаар тусгасан билээ. Тэгвэл нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг төсвийг хулгайгаар тодотгож буй хуулийн хулгай хэмээн мэдэгдсэн байдаг.

Энэ асуудалтай холбогдуулан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүд мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хуулийн төсөл зөвхөн санал авах хэмжээнд буюу Д парламентад байршаад байгаа. Нэр бүхий гишүүн уг хуулийн төслийг хуулийн хулгай хийх гэж байна, төсвийн хулгай гэж ярьсан учраас энэ талаар мэдээлэл өгч, иргэдэд зөв мэдээлэл өгье гэж шийдлээ. Анх удаа гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд бид ийм хуулийн төсөл санаачилсан. 2024 оноос хойш гурван удаа төсөв баталсан. 2025 оны төсвөө алдагдалгүй батална гэж баталсан. Гэтэл гадны санхүүжилтээр хэрэгжих мега төслүүд гацаанд орж, бүтээн байгуулалт явах боломжгүй болсон.

Монгол Улс 1993 оноос хойш 2014 оныг хүртэл нэн хөнгөлөлттэй гадны зээл тусламжаар төслүүдээ санхүүжүүлж байсан. 2015 оноос эдийн засаг муудаж, зээлээр санхүүжилт явж байсан ч Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүд дээр нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээ хэлцэл хийсэн. Гэсэн ч 2024 оноос хойш нэн хөнгөлөлттэй зээл авах боломжгүй болж, дунджаас дээгүүр орлоготой улс болсон. Манайх 21.7 их наядын гадаад зээлийг ашигласнаас 16.7 их наядыг бүрэн дуусгасан. Автозам, гүүр, барилга гэх мэтээр төслүүдэд ашиглажээ. Төсвийн хязгаарт тулаад бид гадаад зээлээ ашиглах боломжгүй болсон. Төсвийн хэрэгжих хугацаа тулаад дууссан гэсэн үг. Бид нэг ч гадаад зээл нэмж авахгүй. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй. Алдагдалгүй төсөвтэй гэж явснаар төсөл зогсож байгаа учраас 12.7 их наядыг ашиглах гарц хайж байгаа юм. Газрын тосны үйлдвэр дээр гэхэд 5.7 их наядыг ашиглаж байж энэ төсөл ашиглалтад орно.

Өнөө жил бидний ашиглаж болох гадаад зээлийн тааз 1.5 их наяд. Бүх гадаад зээлийг ашиглаж байгаа дүнгээр харвал Газрын тосны үйлдвэр дээр 200 тэрбумыг л ашиглах тааз байна. Гэтэл 2028 онд дуусгахын тулд жилдээ гурван их наядыг ашиглах ёстой болоод байгаа гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 900 тэрбумаар хэрэгжих ёстой. Гэтэл энэ жил 70 тэрбумыг л тавьсан.

Энэ хурдаар явбал УЦС 10 жилийн дараа, Газрын тосны үйлдвэр 15 жилийн дараа ашиглалтад орох нь ээ. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх бус төсөл нь өөрөө зээлээ төлөх боломжтой том төслүүдээ сонгож аваад төсвөөс гаргая гэж байгаа юм. Ашиглахгүй хойш тавьж байгаа мөнгө бүхэнд бид хүү төлдөг.

Газрын тосны үйлдвэр анх тэрбум ам.доллар гэж байсан бол одоо 2.1 тэрбум болчихоод явж байна. Хугацаа алдах тусмаа төсөвт өртөг хэд дахин нэмэгдэнэ ээ. Гадаад зээлээр хэрэгжиж байгаа гурван төсөл тутмын нэг нь хугацаа сунгагдаж явж байгаа нь эцсийн дүндээ татвар төлөгч нарын нуруун дээр л ачаалал ихэсч байгаа хэлбэр юм.

2026 онд дахиад алдагдалгүй батална гэвэл дахиад л 1.5 их наядаар тааз тавиад мөнгө дутуу очоод төсөл гацсаар л байх болно. 2013 онд мөн нэг удаагийн хууль батлуулснаар дэд бүтэц, төмөр замдаа хөрөнгө оруулалт хийж чадсан. Түүний үр дүнд эдийн засаг сэргэж чадсан юм билээ. Өөрөө өөрийнхөө зээлийг төлж чадах гурван том төслийг л төсвөөс ялгаж аваад нэн яаралтай ашиглалтад оруулах асуудлыг улстөржүүлж байгаа нь эх оронч бус үйлдэл юм” хэмээлээ.