УИХ-ын Б.Түвшин, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг тэргүүтэй 40 гаруй гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын даргад өнөөдөр өргөн барьжээ. Энэ талаар гишүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Б.Түвшин гишүүн хэлэхдээ “Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хуулийн төслөө нэр бүхий 40 гишүүн өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Эдийн засгийн хямралтай цаг үед ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг өсгөх, ажил олгогчийг ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг бий болгох гурван гол заалттай. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд байгаа зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шинж чанартай зүйлээс албан журмын даатгал авдгийг болиулах санаа юм.
Иргэн хүн ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо 20 хүртэл хувийн нийгмийн даатгал төлж буй нь ажилгүйдлийг ихэсгэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг боомилох заалт болж байгаа учраас хасаж байгаа юм. Хоёрдугаарт, нийгмийн даатгалаас хоол, унаа, байрны зардал зэргээс нийгмийн даатгал авахаа болъё. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогч бодит урамшуулал өгдөг болох юм. Гуравдугаарт, байгууллагын төлдөг нийгмийн даатгалын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаар тогтооё. Ийм гурван зохицуулалтыг өргөн барилаа” гэв.
УИХ-ын гишүүн П.Ганзориг “Хувийн хэвшлийн байгууллагууд асар олон дарамт дунд үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн либералчлах, бизнесийн орчныг таатай болгох заалтууд орсон. Энэ хүрээнд тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаагийн нэг нь Нийгмийн даатгалын тухай хуульд ажил олгогчийн төлдөг хэсгийг хөнгөлөх, зарим тогтмол ордог орлого буюу цалингаас бусад орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авдгийг болиулах нь ээ. Хувийн хэвшлийн улсад төлөх татварын өр 1.2 их наядаас 4 их наяд хүрч өслөө. Гурван жилийн өмнө 2000 орчим данс хааж татвараа татдаг байсан бол одоо 22000 данс хааж байна. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд очно гэдэг нь ажлын байр багасч, аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлахад бэлэн болсон гэсэн үг” хэмээлээ.
Энэ хуулийн гол үзэл санаа нь хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний оролцоо 67, БНХАУ 69, Казахстан улс 72 хувьтай байгаа аж. Тэгэхээр цаашдаа 100 мянган иргэнийг зах зээлд оруулж ирэх боломж байна гэж харсан учраас хуулийн төслийг санаачилсан гэдгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг онцоллоо.