УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан говийн бүсийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Дорноговь аймагт хүний хөгжлийн асуудлыг эхэнд авч үзэх ёстой. Тухайлбал, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн гаргадаг.
Энэ сургуульд бэлтгэгдэж буй боловсон хүчин, эмч мэргэжилтнүүд бүс нутгийн хөгжил дэвшил, хүн амын өсөлт, суурьшилд чухал үүрэг нөлөөг үзүүлсээр ирсэн. Гэтэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль говийн бүсэд бэлтгэгдэж буй мэргэжлийн чиглэлээр мөн давхардсан элсэлт авч боловсон хүчин бэлтгээд байдаг.
Энэ нь говийн бүс боловсон хүчний дутагдалд орох, залуус нь говиос дайжиж, нийслэл хотыг зорих, говийн бүс эзэнгүйдэх сөрөг нөлөөтэй. Цаашлаад энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг нэмэх зэрэг сөрөг нөлөөтэй.
Тиймээс улсын болон бүсчилсэн хөгжлийн хүний нөөцийн бодлого, боловсон хүчний хуваарилалт, хүний хөгжилд анхааръя гэвэл их дээд сургуулийн боловсон хүчин бэлтгэх асуудалд бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй. АШУҮИС-ийн говийн бүсийн салбар сургуулийн мэргэжлийн давхардлыг арилгах нь чухал гэж үзэж байна. Энэ асуудлыг бид Засгийн газрын түвшинд авч хэлэлцэх ёстой" хэмээлээ.